Монголын хоккейчдын баг япончуудыг 2:1-ээр хожив
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иркутск хотноо болж буй бөмбөгтэй хоккейн ДАШТ-ний 2 дахь өдөр /2020.03.02/ Монголын шигшээ баг, Японы шигшээтэй Шелеховын “Строитель” цэнгэлдэхэд тоглож 2:1-ээр хожсоноор, тэд 3 ялалтаа байгуулав.
Энэ тоглолтыг үзэгчид онц сонирхон хүлээж байсан бөгөөд хоёр баг өмнөх өдөр Сомалийн шигшээг 10:0 /Монгол/, 9:0 /Япон/ -ээр илүүрхэн хожсон байсан юм. Хоёр багийн тоглолтын эхний минутууд маш ширүүн өрнөсөн ч аль аль нь алдаа гаргаж довтолгоо амжилтгүй байв. Харин аажимдаа Монголын багийн тоглолт тогтворжиж, аюултай довтолгоонуудыг олонтаа хийж булангийн цохилтоор сандаргаж байсан бол Японы баг нэг ч булангийн цохилт авч чадаагүй.
Улмаар тоглолтын 23 дахь минутад Монголын багийн эрчимтэй довтолгоог япончууд дүрэм зөрчин тасалсан тул шүүгч торгуулийн цохилт зааж, багийн ахлагч Г.Тамир пенальтиг гоол болгож монголчууд хошуучилж эхэлсэн. Япончуудын хувьд аюултай дайралт хийгээгүй ч I үеийн төгсгөлд довтолгоо нь амжилттай болж тоог тэнцүүлсэн юм.
Харин II үеийн 38 дахь минутад Г.Тамир ялалтын гоолыг оруулсан бөгөөд энэ тоглолтын шилдэг тоглогчоор Г.Тамир /номер 21/ шалгарсан бол Японы шигшээ багаас Танака Сатоси / номер 1/ шилдэг тоглогчоор нэрлэгдсэн. Ийнхүү Монголын шигшээ баг хэсгээ нэг ч ялагдалгүй, 3 ялалттай тэргүүлж байна.
Маргааш 14 цагаас манай баг Латвийн багтай тоглох бөгөөд гуравдугаар сарын 4-нөөс хасагдах шатны тоглолт эхэлнэ.
Тоглолтын дараа болсон хэвлэлийн бага хуралд оролцсон Монголын багийн ахлах дасгалжуулагч Банзрагчийн Жаргал: “Багийнхаа тоглогч нартаа талархал илэрхийлж шигшээ багаараа бахархаж байна. Бид В хэсэгт түрүүлэхийн төлөө хүчээ гарган тоглох болно” гэв.
Харин Японы шигшээ багийн ахлах дасгалжуулагч Олег Зиганшин: “Юуны өмнө ялалт байгуулсан өрсөлдөгчдөө баяр хүргэе. Өөрийн багийг хангалттай өндөр түвшинд тоглосон гэв. Мөн тэр энэ цэнгэлдэхэд 1986 онд Эрхүүгийн тойргийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан” хэмээн дурссан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.