"Улаанбаатар хотын Худалдааны танхим" шинэ Засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийлэв.
Бизнесийн төлөөллийн байгууллагын нэг "Улаанбаатар хотын Худалдааны танхим" шинэ Засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийлэв.
Нийслэл хотод олон зуун ААН, компанийг эгнээндээ нэгтгэж төлөөлж буй тус Танхимаас "COVID-19"-ийн цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд Монгол Улсын Засгийн газрыг толгойлон ажиллах 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах хүндхэн үүргийг хүлээн авсан Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан болон шинэ Засгийн газрын бусад бүх сайд нарт баяр хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөсөн байна. Улмаар дөнгөж бүрэлдээд буй Засгийн газрын өмнөө тавьсан:
- Цар талыг даван туулах,
- Эдийн засгийг сэргээх,
- Дундаж давхаргыг дэмжих,
- Шударга ёс, цахим засаглалыг дэмжих зэрэг зорилтыг хэрэгжүүлэхэд Улаанбаатар хотын худалдааны Танхим, түүний гишүүн байгууллагууд бүх талаар дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Ялангуяа Үндэсний баялгийн санг байгуулан эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг дэмжих, шинжлэх ухааны нээлтийг эдийн засагжуулах, шинэ технологийг хөгжүүлэн дэлхийн зах зээлд өрсөлдөх үндэсний ААН-дээ дэмжих, Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн зөвлөл, Бизнес эрхлэгчдийн зөвлөл, Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зөвлөл байгуулах, хөдөө орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих ажлуудыг хэрэгжүүлэхэд Улаанбаатар хотын Худалдааны Танхим Монгол улсын Засгийн газартай нягт хамтран ажиллахад үргэлж нээлттэй байгааг илэрхийлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.