Монголоос самрыг БНХАУ-ын Жилинь муж руу дундын зуучлагчгүйгээр экспортолно
Монгол мэдээ
Огноо 2021-02-04
Монгол орны байгалийн баялгийн нэг самрыг дотооддоо бүрэн боловсруулж, бодлогоор дэмжин нэмүү өртөг шингээн экспортод гаргах боломж байна. Самрын экспорт нь манай улсад уул уурхай, мал аж ахуйн түүхий эд болох ноос,ноолуур болон махны дараа ордог, уул уурхайн бус экспортод тооцогддог байна.
Энэ талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт, Уул уурхайн бус экспортыг дэмжин хөгжүүлэхэд хөнгөлөлттэй зээлийн тогтолцоог нэвтрүүлнэ гэж тусгасныг бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ талархалтай хүлээн аван дэмжиж буйгаа илэрхийлэн өнгөрсөн оны 10 дугаар сарын 8-нд ААН-үүдийн дунд самрын нэгдэл буюу хамтарч ажиллах кластерийг байгуулаад байна. Энд манай улсад самар бэлтгэн боловсруулж экспортолж буй 20 гаруй үйлдвэр, ААН-ийн 11 нь эхний ээлжинд нэгджээ.
Улмаар 10 дугаар сарын 28-нд самар бэлтгэн боловсруулагч, экспортлогч ААН-үүд болон БОАЖЯ, МХЕГ, Стандарт хэмжил зүйн газар, ЦЕГ, Самарчдын холбоо оролцсон уулзалтыг хийж, хамтарсан Ажлын хэсэг байгуулж, самрын салбарыг хөгжүүлэх 3 жилийн төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа талаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн хэллээ. Ажлын хэсгээс самрыг олон улсын зах зээлд гаргаж борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор самар бэлтгэн боловсруулж экспортолж буй ААН-үүд дундын сан байгуулахаар болжээ.
Манай улс дотооддоо их хэмжээний самар бэлтгэн нийлүүлж буй ч самрын худалдаанд дундын зуучлагч орж ирснээр үндсэн ашиг гадаад зах зээлд бий болоод байна гэж үзэж энэ байдалтай холбоотойгоор ийнхүү дундын сан байгуулах санал гарчээ. Тодруулбал, манай улсын бэлтгэсэн самрын 80 гаруй буюу дийлэнх хэсэг нь БНХАУ-ын Жилинь мужид гардаг байна.
Тэгвэл манай улсын гол худалдан авагч тус мужийн ААН-үүдтэй дундын зуучлагчгүйгээр шууд харилцаж олон улсын жишигт нийцсэн худалдааг явуулбал Монгол Улсад ашигтай байх нөхцөл бүрдэнэ гэж МҮХАҮТ-аас үзэж буйгаа илэрхийлллээ. МҮХАҮТ нь урд хөршийн Жилинь мужийн Худалдааны танхимтай сайн хамтын ажиллагаатай байдаг тул дундын зуучлагчгүй, ил тод худалдааг өрнүүлэх боломжтойг хэлж байна. Энэ талаар Жилинь мужийн Худалдааны танхимынхантай цахимаар уулзаж, хоёр орны хооронд олон улсын худалдааны зарчмаар ил тод худалдааг хийх талаар харилцан тохиролцжээ.
МҮХАҮТ-аас самрын боловсруулалт, экспортыг нэмэгдүүлж, хөгжүүлэх талаар судалгаа явуулсан судалгаагаар манай улсаас их ургацын жилдээ 100 сая ам.долларын самар, 8-10 мянган тонн самрын чөмөг экспортод, БНХАУ-д гардаг дүн мэдээтэй байна.
Манай улсад өнөөдөр самрыг орон нутгийн иргэд түүж, бэлтгэн цайруулаад дам худалдаачид кг тутмыг 10 мянган төгрөгөөр нийлүүлдэг. Үүнийг нь БНХАУ-д 95 хувь цэвэрлэн боловсруулж АНУ, Европын зах зээлд кг-ыг нь 162 мянган төгрөгөөр дахин экспортолдог байна. Ингэснээр Монголоос гаргаж буй самрын ашиг цаад талд гарч, манайд самрын боловсруулалтыг хөгжүүлэх, энэ салбарыг авч явах боломж үүсдэггүй байна.
Манай улс жилдээ 8000-10000 тонн самар экспортлох боложтой. Самар нь нэмүү өртөг шингээснээр 16 дахин үржигддэг бүтээгдэхүүн аж.
Тэгвэл нэмүү өртөг шингээн экспортлох боломж бүрэн байгааг МҮХАҮТ-аас мэдээлж байна. Үүний тулд самрын худалдааг цэгцэлж, зохион байгуулалтад оруулснаар монголчууд байгалийн бас нэг баялгаасаа ашиг хүртэх өгөөж илүү нэмэгдэнэ гэж үзэж байна. Самрын худалдааг ил тод, шуурхай болгож, самрын боловсруулалтын дундын сан байгуулж самрын кластерийг хөгжүүлэхэд МҮХАҮТ дэмжиж ажиллахаа илэрхийлж байна. Дундын санд ААН-үүд нийт борлуулалтын дүнгийн 7 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг нэгтгэн байршуулахаар болжээ.
Манай улс хуш модны самрын нөөцөөр арвин, 120.8 шоо метр байдаг. Самар нь 3 жил тутамд нэг удаа их хэмжээгээр ургадаг онцлог түүхий эд юм. Хушан ой нь экологийн эмзэг системтэй байдаг тул нөхөн сэргээх шаардлагатай байдаг аж.
Манай улс эхний ээлжинд самрын бэлтгэлийнхээ 20 хувийг бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингээн гаргахаар төлөвлөж, цаашид 30-50 хувийг экспортлох аж. Самар нь гадаад зах зээлд кг нь 12 ам.доллар, гол түүхий эд чөмөг нь кг нь 35-40 мянган төгрөг, цааш дахин боловсруулахад олон улсын зах зээл дээр 55-79 мянган төгрөг, АНУ, Европын орнуудад болон Японд бөөний үнээр 162-320 мянган төгрөгт хүрдэгг байна. Тодруулбал, олон улсын зах зээл дээр 70 граммаар уутлан савласан самрын чөмөг нь дунджаар 9-16 ам.долларын үнэтэй байдаг. Самрыг хальсийг ашиглах, чөмөгнөөс нь тос гаргах зэргээр боловсруулалтыг эхний шатанд 3 төрлийн бүтээгдэхүүн гаргадаг байна.
Монголын ААН-үүд нэгдэж самрын кластер байгуулсан гэсэн мэдээгээр БНХАУ-ын ХАА-н түүхий эдийн бирж дээр кг нь 128 юань байсан үнэ 144 юань болж өсжээ. Манай улс олон улсын самрын зах зээлий 10-15 хувийг нийлүүлдэг учир энэ салбарын зах зээл дээр нөлөө бүхий тоглогч болох боломжтой аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.