Коронавирус дамжуулагч завсрын амьтнаас хүнд халдсан байх магадлалтай
Дэлхийн мэдээ
Огноо 2021-02-15
Өнгөрч байгаа 7 хоногийн эхээр олон улсын хувьд хүлээж, анхаарч байсан нэг үйл явдал бол ДЭМБ-ын Хятадын талтай хамтран хийсэн коронавирусний уг гарлын судалгааны явц, үр дүн байсан. Энэ сарын 9-нд ДЭМБ-ын шинжээчид БНХАУ-ын Ухань хотод хийсэн судалгааныхаа үр дүн зарлалаа.
Шинжээчид коронавирус анх хүнд халдсан байж болох дөрвөн хувилбар дэвшүүлж, үүнийгээ батлах судалгаа хийжээ. Коронавирусыг тээгч амьтнаас хүнд шууд халдах, дамжуулагч дундын амьтнаар дамжин хүнд халдах, хөлдөөсөн хүнсээр дамжиж халдах, лабораториос алдагдсан вирус хүнд халдах гэсэн дөрвөн хувилбар дэвшүүлжээ. Үүнээс лабораториос вирус алдагдсан байх магадлал тун бага, харин дамжуулагч завсрын амьтнаас хүнд халдварласан байх магадлал илүү өндөр гэсэн ерөнхий хоёр дүгнэлтэд хүрчээ.
Өөрөөр хэлбэл коронавирус сарьсан багваахайнаас ямар нэгэн амьтнаар дамжин хүнд халдварласан байх өндөр магадлалтай гэсэн урьдчилсан дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ. Мөн хөлдөөсөн бүтээгдэхүүнээр дамжин вирус халдварласан байх магадлал байна. харин коронавирус яг ямар амьтнаас гаралтай гэдгийг хараахан тогтоож чадаагүй байна. Коронавирус анх бүртгэгдсэн Ухань хотод 12 дугаар сараас өмнө коронавирус байсан гэх, хамгийн анх илэрсэн Ухань хотын Хуанань далайн гаралтай бүтээгдэхүүний захад коронавирусний халдварт өвчин яаж бий болсныг тогтоох хангалттай мэдээлэл байхгүй, дэвшүүлсэн бүх хувилбар таамаг нээлттэй байгаа, нэг удаагийн судалгаа хийгээд орхино гэсэн ойлголт байхгүй, судалгааг цаашид илүү өргөн хүрээнд хийх шаардлагатай гэж ДЭМБ мэдэгдсэн.
ДЭМБ-ын шинжээчдийн багт дэлхийн 10гаруй орны эрдэмтэд оролцсон, мөн Хятадын талаас ижил тооны шинжээчид оролцож, судалгааг хамтарч явуулсан. Тэдний судалгааны явцад олж авсан мэдээллээр коронавирусний дэгдэлт 2019оны 12-р сард Ухань хотын Хуанань захаас өөр захуудад мөн бүртгэгдсэн байжээ. Коронавирусийг үүсгэгч "Сарс-ков-2"-той ижил төрлийн вирус сарьсан багваахай, гүрвэл зэрэг амьтнаас илэрсэн хэдий ч эрдэмтэд коронавирусийг байгалиас илэрсэн гэж үзэхгүй байгаа юм байна. Мөн тэдгээр эрдэмтэд цар тахал дэгдээх чадвартай коронавирус хүний хүрээлэн буй орчинд дасан зохицох чадвар өндөр гэдэг дүгнэлт хийсэн. ДЭМБ болон Хятадын шинжээчдийн хамтарсан баг Уханьд судалгаа хийхээс өмнө Хятадын засгийн газар коронавирусийг гаднаас орж ирсэн байх магадлалтай гэх асуудлыг ярьж ирсэн.
Харин АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд коронавирус Хятадаас эхтэй гэж үзэж байснаас Хятад өрнөдийн хооронд вирусний үүсэл гарлаас улбаатай маргаан дэгдэж, худалдаа эдийн засгийн хориг хязгаарт хүртлээ даамжирсан. Тухайлбал Австрали АНУ-ын адил коронавирус Хятадаас гаралтай гэж мэдэгдсэнээр Хятадын талаас нүүрсний импортын хоригтой тулгарсан. ДЭМБ коронавирусний уг гарлыг тогтоох гэж Хятадын талтай олон сарын яриа хэлэлцээ хийсний дүнд шинжээчид нь өнгөрсөн 1-р сарын 29нд Уханьд судалгааны ажлаа эхлүүлсэн. Тэд Ухань хотындалайн гаралтай бүтээгдэхүүний зах, Вирус судлалын хүрээнд ажиллаж, мужийн олон салбарын хүмүүстэй уулзаж, судалгаа авсан байна. ДЭМБ энэ судалгаагаа үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байгаа ч Хятадын тал шинжээчдийн очихыг хүссэн газарт нэвтрэх зөвшөөрөл олгох эсэх нь тодорхойгүй байгаа юм. ДЭМБ-ын Уханьд ажилласан шинжээчид нэгдсэн дүгнэлтээ ирэх 7хоногт танилцуулахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.