АНУ Монголын ЖДҮ-ийн салбарт 41.3 тэрбум төгрөгийн БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ олгож байна
Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) санхүүжилтээр хэрэгжих Монгол Улсын жижиг, дунд бизнесүүдийг дэмжих “БЭСТ” хөтөлбөрийг өнөөдөр албан ёсоор эхлүүллээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.С.Клеческийн хамтаар хонх цохиж хөтөлбөрийг нээв.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Манай улсын эдийн засгийн гол хөдөлгөх хүч болсон жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааны санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, компанийн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах зорилготой энэхүү хөтөлбөр нь эдийн засгийг төрөлжүүлэх, эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд шууд нөлөөтэй байхад чухал ач холбогдолтой юм.
Ялангуяа коронавирусний халдварын сорилттой тулгарч буй өнөө үед 15 сая ам.доллар буюу 41.3 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж байгаад эрхэм Элчин сайд М.С.Клечески, Элчин сайдын яам болон Олон Улсын Хөгжлийн Агентлагийн хамт олонд талархал илэрхийлье” гэв.
Дашрамд сануулахад, 2019 оны зургаадугаар сард батлагдсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулиар бол нэр нөлөө бүхий улстөрчид, эрх мэдэлтнүүд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийг ойр тойрны хамаарал бүхий этгээдүүддээ авч өгөх боломж хаагдсан. Хэдий тийм ч 2020 оны төсөвт ЖДҮ эрхлэгчдийг дэмжсэн мөнгө суулгахаас хууль тогтоогчид татгалзсан. Олгосон зээлийнхээ эргэн төлөлтөөс орж ирэх мөнгөөр л санхүүжүүл гэдэг чиглэл өгсөн нь яг энэ салбарт хамаарагдах хүмүүсийн хувьд таагүй мэдээ болж туссан. Тэгвэл Монголын улстөрчид ЖДҮ-чдээс мөнгө харамласан тухай таагүй мэдээллийн араас АНУ-ын Засгийн газар Монгол Улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих шинэ төслийг эхлүүлэх болсноо зарласан.
Тэгвэл өнөөдрөөс шинэ төсөл АЛБАН ЁСООР хэрэгжиж эхэллээ.
Таван жилийн хугацаатай хэрэгжих төслийн хүрээнд 15 сая ам.доллароор манай ЖДҮ эрхлэгчдийг дэмжих аж. Тодруулбал, төслийн хэрэгжилтийн хүрээнд бизнес эрхлэгчдэд өөрсдийн бизнесийг өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг олж авахад дэмжлэг туслалцаа, сургалтаар хангах юм байна.
“Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж үг байдагчлан санхүүжилт олж авах хэмжээний зах зээлээ судалсан, таньсан, цаг үеэ олсон төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлнэ л гэж ойлгогдож байгаа юм.
Элчин Сайд М.С.Клечески хэлэхдээ “Жижиг, дунд бизнес эрхлэгчид нь Монгол Улсын эдийн засгийг олон талт болгох, ажлын байр бий болгоход чухал үүрэгтэй” гэсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.