Лхагва гаргийн арилжааны явцад биткоины ханш 52,232 ам.доллар хүрч, дээд үзүүлэлтээ дахин шинэчилсэн байна. “CoinDesk” цахим хуудасны мэдээллээр, энэ нь 6.25 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
Биткоины ханш 2020 оны намраас огцом өсөж эхэлжээ. Аравдугаар сард ширхэг нь 11 мянган ам.долларын үнэд хүрч байсан биткоин 12 дугаар сар гэхэд 20 мянган ам.доллар давсан бол он гарсны дараа 40 мянган ам.доллароос дээшилж өссөн байна. Үүний дараа 33 мянган ам.доллар болж буурсан боловч Илон Маскийн “Tesla” компани биткоинд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, криптовалютаар төлбөр тооцоо хийх гэж буйгаа мэдэгдсэний дараа энэхүү криптовалютын ханш хоёрдугаар сарын 8-ны даваа гаргаас хойш өсөж эхэлсэн бөгөөд 41.950 ам.доллароос давж, түүхэн дээд үзүүлэлт нь өдөр бүр шинэчлэгдэж байна.
Биткоин нь блокчейны технологид үндэслэсэн криптовалютын систем бөгөөд энэ системд оролцогч дурын хэрэглэгч биткойн “олборлох” /гүйлгээнд гаргах/ боломжтой. Үүний тулд тооцоолон бодох төхөөрөмжийн тусламжтайгаар блокуудын шинэ сүлжээ бий болгох ёстой. Анх 2008 онд өөрийгөө Satoshi Nakamoto гэж нэрлэсэн нэгэн программ зохиогч энэ системийг гаргажээ. Гэхдээ биткоиныг сүүлийн жилүүдэд л түгээмэл ашиглах болсон юм. Биткоины олборлолт нь хязгаарлагдмал бөгөөд одоогийн байдлаар ихэнх хэсгийг “олборлочихсон” байгаа аж.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.