В.Путинд буриад үүлдрийн бух бэлэглэжээ
Буриадын эрдэмтэн, судлаачид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд буриад үүлдрийн бух бэлэглэж, тусламж хүссэн байна.
Судлаач Булат Лхасаранов “Эрхэм Ерөнхийлөгч өө, бид Сибирь, Буриадын мал аж ахуйг хөгжүүлэх, нутгийн уугуул үүлдрийн малыг сэргээх, үржүүлэх ажил хийдэг судлаачид байна. Бараг устаад байсан буриад үүлдрийн хонийг 1980 онд Хятадад цөөхнийг олж, Буриадад авчран, үржүүлж эхэлсэн. 2008 онд энэ хонин дээр үндэслэн, “Буубэй” гэдэг махны чиглэлийн шинэ үүлдэр гарган авч байсан билээ. Одоо буриад хонь 500 мянган толгойд хүрээд байна. Харин жинхэнэ буриад үхэр бараг устан алга болоход хүрлээ гэж хэлэхэд болно. Олон жил хайсны дүнд Монголын алс холын аймгаас 100 орчим толгой буриад үхэр олсон. ШУА-д ДНК-гийн шинжилгээ хийхэд цэвэр буриад үхэр гэдэг нь тогтоогдсон. Тэр үеийн Ерөнхийлөгч Дмитрий Медведев 97 буриад үхрийг Буриадад авчрахад их тус болсон. Хэрэв бид буриад үхрээ өсгөн үржүүлж чадах юм бол шинэ махны үүлдрийн, экологийн аюулгүй, эдийн засгийн ашигтай үүлдэр гарган авч чадна. Даанч энэ ажил хүндрэлд учраад байна.
Эрхэм Ерөнхийлөгч таныг буриад үхрийг өөрийн анхааралд авч, өсгөн үржүүлэхэд туслахыг хүсэж байна. Та Амурын барыг хамгаалахад маш их тус дэм болсныг бид харсан. Харин буриад үхрийн хувь заяа Амурын бараас илүү эмгэнэлтэй. Танд бид цэвэр буриад үүлдрийн бух бэлэглэж байна. Одоогоос эхлээд энэ бух таных. Энэ бухын хувь заяа бусад буриад бухаас илүү сайнаар эргэж, олон үр төл үлдээгээсэй гэж хүсье” гэж бичжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.