Монгол, АНУ-ын Иргэний нисэхийн “Техникийн ажлын баг”-ийн анхны хурал болов.
Монгол мэдээ
Огноо 2021-03-01
Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар, АНУ-ын Тээврийн Яам, АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа, АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын агентлагийн төлөөллийн хурал бямба гарагт /2021.02.27/ Улаанбаатарын цагаар 08 цаг, Вашингтоны цагаар 18 цагаас цахимаар болов.
Цахим хурлыг Иргэний нисэхийн ерөнхий газрын Дэд дарга Б.Алтанцом нээж үг хэлсэн бөгөөд талууд харилцан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулсан юм.
Хурлын үеэр ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн агуулга болон хуулийн төсөл аль шатанд яваа талаар танилцуулав. Түүнчлэн “COVID-19” цар тахалын улмаас 2020 оны 10 дугаар сараас хойш Монгол Улсад тогтоосон 3 удаагийн хөл хорио зэргээс шалтгаалан хуулийг батлах явц удааширч байгааг дурдлаа.
АНУ-ын Тээврийн яамны Олон улсын харилцааны газрын захирал Бенжамин Тэйлор АНУ руу шууд нислэг үйлдэхэд шаардлагатай ажлын талаар танилцууллаан. Тэрбээр “АНУ руу хуваарьт шууд нислэг үйлдэх хамгийн эхний шат бол Агаарын харилцааны хэлэлцээр байгуулах шаардлагатай. АНУ-ын хувьд зорчигч, ачаа аль алийг нь багтаасан эрх зүйн зохицуулалт байгуулах сонирхолтой” гэлээ.
АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны Олон улсын хөтөлбөр, бодлогын хэлтсийн Нислэгт тэнцэх чадварын байцаагч Луи Алварез АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудитын талаар, ИНЕГ-ын Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт, зохицуулалтын алба /НААХЗА/-ы Ахлах байцаагч Ч.Дарьсүрэн ИНЕГ, АНУ-ын IASA аудитад хамрагдах бэлтгэл ажлын хүрээнд хийж гүйцэтгэж буй ажлын талаар товч танилцуулав.
Хуралд ИНЕГ-ын НААХЗА-ны дарга Ё.Эрдэнэбат болон бусад албаны хүмүүс Америкийн талаас Холбооны нисэхийн захиргааны Хойд Азийн бүс хариуцсан Ахлах төлөөлөгч Николь Дидик Вэлс, АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын агентлагийн Бээжин дэх атташей Ларри Тарплей нар оролцсон.
Хурлын төгсгөлд Монгол Улс, АНУ-ын хоорондох энэхүү “Техникийн ажлын баг”-ийн өргөтгөсөн хурлыг улирал тутамд хийж, үр дүнг хэлэлцэж байх саналыг Монголын талаас гаргаж, талууд санал нэгдэн дараагийн хурлыг 2021 оны 6 дугаар сарын эхэнд зохион байгуулахаар тохиролцлоо.
Мөн хурлын төлөвлөгөөнд тусгасны дагуу “Техникийн ажлын баг”-ийн дор Эдийн засгийн, Аюулгүй ажиллагааны, Аюулгүй байдлын дэд групп байгуулах, хоёр талаас төлөөлөн ажиллах ажилтнуудыг томилох болов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.