ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР ЯВАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР ЯВАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас нэрс нь баталгаажиж Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт хамрагдаж нутаг буцах иргэд дараах зүйлсийг анхаарна уу.

Үүнд:

- КОРОНАВИРУСЫН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ТУХАЙ -

• Суудал нь баталгаажсан иргэд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу коронавирусын шинжилгээг заавал өгсөн байна.

• Нислэгийн өдрөөс өмнө 48 цагийн дотор коронавируст халдварын PCR буюу полимеразийн гинжин урвал (ПГУ)-ын шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан шинжилгээний хариуг хэвлэж, биедээ авч явах шаардлагатай.

• Коронавирусын шинжилгээний хариуг албан ёсны хэвлэмэл хуудсаар гаргах боломжтой эрүүл мэндийн төв, эмнэлгүүдэд шинжилгээг хийлгэсэн байна. Шинжилгээний бичигт тухайн иргэний овог, нэр, хүйс, төрсөн огноо зэрэг мэдээлэл зайлшгүй бичигдсэн байна.

• Гар утсандаа шинжилгээний хариуг мессежээр авсан тохиолдолд тухайн гар утасны дугаар эзэмшиж буйг нотолсон баримт бичиг, тухайн иргэний овог, нэр бичигдсэн шинжилгээ хийлгэсэн мөнгөний баримт зэргийг хавсаргаж болно.

Иргэд коронавирусын шинжилгээг өгч, шинжилгээний хуудсыг онгоцонд суухдаа үзүүлнэ. Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй болохыг анхаарна уу.

- ТУСГААРЛАХ БАЙРНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ –

• Тусгаарлах байрны 10 хоногийн төлбөр 18-аас дээш насны иргэд 500,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 10,000 төгрөг буюу 510,000 төгрөг, 0-5 насны хүүхэд төлбөргүй, 6-18 насны иргэд 300,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 10,000 төгрөг буюу 310,000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /Хаан банк 5084538375/ дансанд шилжүүлнэ

• Дээрх төлбөрийг иргэний ар гэрийнхэн нь Монголд Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.

• Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичнэ.

• Тусгаарлах байр, хоолны зардлын зөрүү мөнгөө авах боломжтой. Тухайн иргэн өргөдөл, шилжүүлгийн баримтын хуулбар, төлсөн төлбөрийн бичиг баримтыг obeg.sankhuu@gmail.com хаягаар явуулж, Онцгой байдлын ерөнхий газрын 11-318277, 1800-1105 дугаараар холбогдоно уу.

• Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгийн тийз авсан зорчигчид тусгаарлалтын байрны мөнгөө төлөөгүй тохиолдолд нислэгийн тийз цуцлагдах болно.

- ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУГАА ИРГЭД ИММИГРЕЙШНД БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ -

• БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаад иргэн сайн дураар нутаг буцах тохиолдолд харьяа орон нутгийн Гадаадын иргэн харьяатын албанд ажлын 3-15 хоногийн өмнө өөрийн биеэр очиж зөрчил, гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг шалгуулсны дараагаар хилээр гарах журамтай тул нислэгээс өмнө бүртгэлээ хийлгэнэ үү.

• Сайн дураар нутаг буцах хүсэлт /자진출국/-ийг харьяа ГИХГ /immigration/-т ажлын 4-өөс доошгүй хоногийн өмнө гаргана. Сайн дураар нутаг буцах хүсэлтийн хүчинтэй хугацаа 30 хоног байх ба энэ хугацаанд тусгай үүргийн нислэгт хамрагдаж чадаагүй тохиолдолд хүчинтэй хугацаа дуусахаас өмнө харьяа ГИХГ-т очиж дахин сунгуулна.

• Сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан иргэд нислэг үйлдэгдэх өдөр нислэгийн бүртгэл эхлэхээс 2-3 цагийн өмнө Инчон ОУНБ-д очиж онгоцны буудлын ГИХГ-т сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан бичиг болон нислэгийн тийзийн хамт бүртгүүлж тэмдэглэгээ хийлгэж, шалгуулна.

• БНСУ-д төрсөн оршин суух визгүй хүүхдийн хувьд /эцэг эх нь оршин суух визтэй ч суугаа орны ГИХГ-т бүртгэгдээгүй хүүхэд мөн хамаарна/ эмнэлгийн төрсний тодорхойлолт /출생진단서/, гадаад паспорт, эцэг эхийн гадаад паспортын хамт ГИХГ-т бүртгүүлж, торгууль /хүүхдийн оршин суусан хугацаанаас торгуулийн хэмжээ хамаарна/ төлснөөр хилээр гарах эрх нээгдэнэ. Хүүхдээ бусдад итгэмжлэн нутаг буцааж байгаа тохиолдолд хүүхдийн эх, эцэг итгэмжлэл гаргаж, ЭСЯ-ны Консулын хэлтсээр нотариат хийлгэсэн байна. Итгэмжлэл болон орчуулгын эх хувийг хүүхдийг итгэмжлэн авч яваа хүн биедээ авч явна.

БУСАД АНХААРАХ ЗҮЙЛ

ХЭРЭВ ТАНТАЙ ХОЛБОО БАРИХ УТАСНЫ ДУГААР ӨӨРЧЛӨГДСӨН БОЛ ЭСЯ-НЫ ШУУРХАЙ УТАС 010-8205-3464, 02-798-1950 ДУГААРТ ДАРУЙ ХОЛБОГДОЖ ШИНЭЧИЛНЭ ҮҮ.

1. Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалтыг УОК-ийн Шуурхай штаб баталж МИАТ-ын төлөөлөгчийн газарт ирүүлж тийз бичиж байгаа тул нислэгийн жагсаалтад нэр орсон эсэхээ шалгуулах, нислэгийн тийзийн үнэ, үнийн зөрүүтэй холбоотой мэдээллийг Сөүл хот дэх төлөөлөгчийн газрын 02-756-9761 дугаарын утаснаас шууд асууж мэдээлэл авна уу.

2. Тусгай үүргийн нислэгт хамрагдсан иргэн өөрийн оронд хэн нэгнийг явуулах хүсэлтийг хүлээж авахгүй.

3. Тусгай үүргийн нислэгт жагсаалтын дарааллын дагуу хамрагдсан боловч тухайн иргэн удаа дараа явахаас татгалзсан тохиолдолд жагсаалтаас шууд хасна. Тухайн иргэн өргөдлөө дахин шинээр өгч өргөдлийн дагуу нислэгт хамрагдана.

4. Тусгай үүргийн нислэгт өөрийн оронд явуулж өгнө, дарааллыг сольж дээгүүр оруулж өгнө зэрэг залилангийн шинж чанартай зар, мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдаж, иргэд мөнгө санхүүгээр хохирч болзошгүй байгааг иргэд онцгой анхаарч, энэ төрлийн залилан мэхлэх үйл ажиллагаанд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна. Тусгай үүргийн нислэгт хамрагдах хүн нэг бүрийг УОК-ийн Шуурхай штабын дэргэдэх ажлын хэсгээс баталж ирүүлдэг тул хэн нэгэн иргэний оронд өөр иргэнийг сольж оруулах боломжгүй болно.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.