Хөл хорионы хугацаанд 26-р хорооноос 28 тохиолдол бүртгэгджээ.

Хөл хорионы хугацаанд 26-р хорооноос 28 тохиолдол бүртгэгджээ.

Баянзүрх дүүргийн 26-р хороонд тогтоосон хөл хориог өнөөдөр (2021.03.20) цуцлахаар төлөвлөжээ.

2020 оны арванхоёрдугаар сарын 18-аас хойш Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд нийт 136 тохиолдол илэрчээ.

Энэ удаа тус хороонд гуравдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас эхлэн хязгаарлалт тогтоосон. Хязгаарлалтын дэглэм тогтсон цагаас хойш нийт 11500 өрх айлд санамж бичиг хүргүүлж, өглөөний 07:30 минутаас 12:00 цаг хүртэл чанга яригчаар мэдээлэл өгсөн.

Гуравдугаар сарын 17-19-ний хооронд явуулын шинжилгээний 36 баг ажиллаж, (Нэг баг 4 хүнтэй) 11058 өрхийн 17550 гаруй иргэнээс шинжилгээ авсан ба 542 өрх хаалга, үүдээ тайлаагүйгээс болж шинжилгээнд хамрагдаж чадаагүй аж. Мөн зарим иргэд өмнөх өдөр шинжилгээ өгсөн гэх шалтгаанаар шинжилгээнд хамрагдаагүй гэж дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

Эхний ээлжийн 16100 гаруй иргэний шинжилгээнээс 28 тохиолдол бүртгэгдсэн байна.

Эерэг тохиолдол бүртгэгдсэн 28 тохиолдлыг ХӨСҮТ-өөс баг ирж тусгаарласан. 

26 дугаар хороонд хөл хорионы үед нийт 500 гаруй иргэд орж гарсан байна. Тухайлбал, Эрүүл мэндийн шалтгаан, ажил явдал, бизнесийн байгууллага руу орж гарах, хүнсний татан авалт хийгдсэн. 

Хүнсний дэлгүүр, эмийн сангуудын үйл ажиллагаа хэвийн, хомстолд орсон зүйл байхгүй.  Тохижилт, үйлчилгээний хэлтэс 3 дугаар сарын 18, 19-ний өдөр 26 дугаар хороонд үүссэн үүсмэл хог, замын хогуудыг бүгдийг нь ачиж, цэвэрлэж ариутгал, халдваргүйтгэлд бэлдсэн. 

Ариутгал халдваргүйтгэлийг “Орхон овоо” ХХК-тай хамтарч нийт 127 байрны 243 орц, хонгил, нийтийн эзэмшлийн талбай, цонх хаалга гэх нийт 91770м2 талбайг ариутгаж, халдваргүйтгэл хийж, өнөөдөр гэхэд дуусгахаар төлөвлөөд байна.

Хязгаарлалтын үед Онцгой байдлын 20 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 310 алба хаагч, хорооны байранд түр шуурхай штаб гарган, ажиллаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.