Үйл ажиллагааг нь түр зогсоосон 4825 үйлчилгээний газрыг битүүмжилнэ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотод үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг 4825 ААН-ийн үйл ажиллагааг энэ сарын 16-ныг хүртэл түр зогсоосон. Үүнд хамаарч буй 55 их дэлгүүр, 495 барааны дэлгүүр, 1005 үсчин, гоо сайхан, 309 хувцас засвар болон бусад газрыг өнөөдрөөс битүүмжилнэ гэж НМХГ-аас мэдээлэв.
Тодруулбал,
- Хүнс, эм, эм хангах нийлүүлэх, ахуйн үйлчилгээний төвөөс бусад зах, худалдаа үйлчилгээний цэг, тэдгээрийн салбарууд;
- Халуун усны үйлчилгээнээс бусад ахуйн үйлчилгээний цэгүүд;
- Дугуй засварын үйлчилгээнээс бусад бүх төрлийн авто засвар, худалдааны цэгүүд;
- Смарт карт цэнэглэх худалдах цэгээс бусад бүх ТҮЦ-ийн үйл ажиллагааг зогсоосон юм.
Үйл ажиллагааг нь түр зогсоосон үйлчилгээний газрыг энэ хугацаанд зөвшөөрөлтэй 37 компаниар ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэхийг Хотын захирагч үүрэг болгожээ. Ариутгалын компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд шоо дөрвөлжин метр талбайг 3 дахин хямдаар буюу 200 төгрөгөөр ариутгаж байгаа юм байна.
Харин үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа газрууд жавелин, натригаар ариутгал хийх, ажлын байранд амны хаалт, спиртийн суурьтай гар ариутгагч тогтмол хэрэглэх, ажилчдын биеийн халууныг өдөр бүр хэмжих шаардлагатай. Айл өрхүүд жавелин, белизнаг ахуйн ариутгалд хэрэглэхийг НМХГ-аас зөвлөж байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжийг зөрчсөн, гамшгийн эрсдэлийн тухай худал мэдээлэл түгээсэн, төрийн албан хаагчдын шаардлагыг биелүүлээгүй, хөл хорионы дэглэмийг зөрчсөн иргэд, ААН-д Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулах юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.