PCR-ЫН ШИНЖИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

PCR-ЫН ШИНЖИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

ДНХ оношилгоо нь гэдгийн дотор судалгааны хэд хэдэн арга байдгаас PCR /полимеразын гинжин урвал -ПГУ/ арга нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь юм. ДНХ гэдэг нь тухайн нян вируст байдаг удмын мэдээлэл агуулсан хэсгийг хэлдэг.

PCR гэдэг нь Polymerase chain reaction буюу полимеразын гинжин урвал гэсэн үгний товчлол. PCR нь оношилгоо нь халдварт өвчнийг, түүний дотор БЗХӨ-г лабораторийн нөхцөлд оношлох арга юм.

Энэ шинжилгээ нь тухайн халдварыг үүсгэсэн байж болох өвчин үүсгэгч бичил биетийн ДНХ-ийн жижиг хэсгийг судалгааны материал дотроос илрүүлэхэд суурилдаг. ДНХ-ийн жижиг хэсэг гэдэг нь ДНХ-д зөвхөн өөрийн гэсэн дахин давтагдашгүй дарааллын дагуу байрлаж байдаг хэдэн зуун сууриуд юм. Халдварыг PCR шинжилгээгээр оношлоход ДНХ-ийн жижиг хэсэг байхад л хангалттай.

PCR шинжилгээг хийх явцад зөвхөн тухай өвчин үүсгэгчид байдаг ДНХ-ийн хэсгийг хайдаг. Өөрөөр хэлбэл өөр ямар ч нян, вируст байхгүй, зөвхөн тухайн нянд л байдаг хэсгийг хайдаг. Үүний дараа полимеразын урвалыг ашиглан ДНХ-ийн эдгээр хэсгүүдийг клонжин үржүүлдэг. Энэ урвал дуусах үед ДНХ-ийн тухай хэсгүүд нь 1012 ширхэгээс цөөнгүй болсон нөхцөлд ДНХ-ийн тухай хэсгийг зөв танисан гэж үздэг.

PCR шинжилгээний аргыг 1983 онд нээсэн Кэрри Мюллис нь 1993 онд химийн салбарт Нобелийн шагнал хүртсэн юм. PCR шинжилгээ нь гүйцэтгэхэд хялбар, таних, мэдрэх онцгой чадвартай болохоор өнөөдөр дэлхий даяар маш өргөн хэрэглэгдэж байгаа юм.

PCR шинжилгээг дараах бэлдэц дээр хийж болно, үүнд:

  • эпителийн эсийн хусам /эрэгтэй, эмэгтэй хүний шээсний сүвээс авсан хусам, савны хүзүүвчнээс авсан хусам/
  • цус, сийвэн, цусны сийвэн
  • биологийн шингэн /түрүү булчирхайны шүүс, нугасны шингэн, ураг орчмын ус, үений шингэн, шүлс, гялтангийн шингэн/
  • шээс /өлөн шээс/
  • салслаг болон биологийн бусад ялгадас
  • ходоод, арван хоёр хуруу гэдэсний биопатууд

Шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс, үүнд:

  • Шинжилгээ өгөхөөс нэг хоногийн өмнөөс эхлээд бэлгийн харьцаанд орохгүй байх.
  • Цусны PCR шинжилгээг зөвхөн өлөн элгэн дээрээ өгнө.
  • Шээсний PCR шинжилгээг өглөөд, өлөн элгэн дээрээ, ариутгасан саванд өгнө.

PCR нь дараах давуу талуудтай, үүнд:

  • Халдварт өвчин үүсгэгчдийг шууд тодорхойлдог.
  • Лабораторийн оношилгооны уламжлалт аргуудад өвчин үүсгэгчийг янз бүрийн дам шинжээр нь илрүүлдэг. Жишээлэхэд, дархлаа ферментийн шинжилгээ нь өвчтөний цуснаас халдвар үүсгэгчдийг задарсны дараа үлдсэн уургийг илрүүлж, түүн дээрээ суурилан оношилдог. Харин PCR шинжилгээний арга нь өвчтөнөөс авсан материалд өвчин үүсгэгчийн ДНХ-ийн тусгай хэсэг байгаа эсэхийг шууд заадаг.

Өндөр нарийвчлал

Шинжилгээ хийх явцад зөвхөн тухайн өвчин үүсгэгчид л байдаг ДНХ-ийн хэсгийг ялгадаг. Тэр хэсэг нь зөвхөн тухайн өвчин үүсгэгчид л байдаг бөгөөд дэлхий дээрх өөр ямар ч өвчин үүсгэгчид байдаггүй.

Өндөр мэдрэмж

Өвчтөний өгсөн материалд өвчин үүсгэгчийн ердөө ганц эс байхад л халдварыг илрүүлнэ. Микробиологи, дархлал зүйн оношилгооны бусад аргыг ашиглахад дээжинд 103-105 эс байхад мэдэрдэг бол PCR нь 10-100 эс байхад л мэдэрнэ.

Өргөн хүрээ

PCR шинжилгээнд бараг л өвчтөнөөс авсан бараг дурын материал, түүний дотор бусад аргаар шинжлэх боломжгүй зүйлсийг ч авч болно.

Өндөр хурд

PCR нь өвчтөнөөс материал авснаас хойш 4-5 цагийн дотор дүнг нь өгдөг оношилгооны цорын ганц арга юм.

PCR оношилгоо нь дараах сул талтай, үүнд:

Хуурмаг эерэг хариу авах магадлал

Халдварыг антиобитикууд устгачихсан ч үхсэн эсүүд нь эпителийн эсүүдэд агуулагдаж байгаа тохиолдолд PCR шинжилгээгээр эерэг хариу гарч болно. Жишээлэхэд, халдвар нь эпителийн эсийн дотор /нүд, эсвэл бэлэг эрхтний салст бүрхэвч/ амьдардаг байж гэж бодъё. Халдварыг эмчилжээ. Гэвч эпителийн эсийг бүрэн шинэчлэгдэхэд хугацаа шаардлагатай. Ийм үед эмч эсийг бүрэн шинэчлэгдэхээс нь өмнө материал авбал дотор нь халдварын үхсэн эсүүд үлдсэн байж болно. Халдварын үхсэн эсүүд нь халдвар үүсгэгчийн генийн материал буюу ДНХ эсвэл РНХ-г агуулсан хэвээр байх нь мэдээж. Гэтэл PCR шинжилгээ нь ДНХ-ийн хэсгийг хайдаг. Гэхдээ PCR нь үхсэн эсийг амьдаас нь ялгаж чаддаггүй бөгөөд олсон хэсгээ асар олон тоогоор клонжуулан олшруулдаг. Үр дүнд нь хариулт нь эерэг гарна. Гэтэл үнэн хэрэг дээрээ энэ хариу нь хуурмаг эерэг хариулт юм.

Мөн гарднереллез өвчний оношилгоонд PCR-ийг ашиглах хэрэггүй гэж үздэг. Учир нь энэ өвчнийг үүсгэгч гарднерелл нь эрүүл үед ч үтрээнд бага хэмжээгээр амьдарч байдаг. Иймд эдгээр бактерийн ДНХ нь PCR шинжилгээгээр гарч ирсээр байх болно.

Бичил биетүүдийн хувирамтгай чанар

Микроб болгон ДНХ-ийн түвшинд өөрчлөгдөх чадвартай байдаг. Үүний нэг тод жишээ нь томууны вирус. Хүн нэг удаа томуугаар өвдсөний дараа тухайн вирусийг эсэргүүцэх эсрэг биетүүд ялгаруулдаг болчихдог. Иймд онолын хувьд амьдралдаа ганц удаа томуугаар өвдсөн хүн цаашид насанд туршдаа ахиж томуу тусах ёсгүй. Гэтэл бид бараг жил болгон л шахуу томуугаар өвдөж байдаг. Яагаад гэвэл вирус нь өөрийнхөө удамшлын мэдээллийн өөрчлөн хувирч, хүний дархлалын системд танигдахгүй болдог. Иймд ахиад л томуугаар өвдөхөөс өөр аргагүй.

PCR-ийн ялгаж таних системийг бүтээхдээ тухайн бичил биетийн ДНХ-ийн хувьсах өөрчлөлтөнд хамгийн бага өртдөг хэсгийг нь ашигладаг. Гэвч бичил биетүүдийн хувиран өөрчлөгдөх чанараас болж шинжилж байгаа өвчин үүсгэгчийн ДНХ-ийн судлагддаг хэсэг нь өөрчлөгдсөнөөр тухайн ялган таних системд танигдахгүй байж болно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.