Худалдаа эрхлэгчдийг халдварын дэглэмээ сахиж ажиллахыг уриаллаа

Худалдаа эрхлэгчдийг халдварын дэглэмээ сахиж ажиллахыг уриаллаа

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан амралтын өдрүүдэд нийслэлийн томоохон худалдааны төв, захуудын байдалтай танилцлаа. 

УОК-ын даргын 3 дугаар сарын 26-ны тушаалаар Шуурхай зохицуулалтын ажлын хэсгийг байгуулж, зах, худалдааны төв хариуцсан бүлгийн даргаар ХХААХҮ-ийн сайд томилогдон ажиллаж байна. Тэрээр МХЕГ болон ЦЕГ-ын бүрэлдэхүүний хамт өчигдөр "Хархорин", "Сандэй-2" худалдааны төв болон "Саруул" маркетаар орж худалдаа эрхлэгчид болон иргэд халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн баримталж байгаатай танилцав. 

Өнгөрсөн оны эхний 11 сард худалдааны салбарын борлуулалтын орлогын 37.0 хувь нь бөөний худалдаа, 63.0 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байв.

"Хархорин" худалдааны төв 1200, "Сандэй-2" худалдааны төв 850 орчим түрээслэгч, "Саруул" зах  130 түрээслэгчтэй үйл ажиллагаа явуулж өдөрт дунджаар нийт 3500 орчим иргэнд үйлчилж байна. Нийслэлд хамгийн олон иргэд үйлчилдэг эдгээр худалдааны төвд худалдаа үйлчилгээ эрхлэгчид болон үйлчлүүлж буй иргэд өндөр эрсдэлтэй учир иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэмийн сахих нь  хамгийн чухал байгааг сайд онцоллоо. 

Тэрээр, нөхцөл байдал хүндэрч, өдрөөс өдөрт цар тахлын халдвар нэмэгдсээр байгаа энэ үед  Засгийн газар, УОК хөл хорио тогтоохгүй байхыг хичээж байна. Тиймээс иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, худалдаа үйлчилгээ эрхлэгч нар болон нийт иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж болзошгүй эрсдэлээс хамтдаа урьдчилан сэргийлэхийг уриаллаа.

Үүний өмнөх өдөр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Нарантуул" захын байдалтай танилцаж, худалдаачидтай уулзсан юм. Тэрээр задгай талбайн худалдаа эрхлэгч нар хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа тул эндээс 4700 иргэнийг вакцинжуулах хүсэлтийг холбогдох газруудад уламжилж, 3 дугаар сарын 30-ны өдөр бүрэн вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар болоод байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.