УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр суллагдлаа

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр суллагдлаа

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшин өрсөлдөж байхдаа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт анхан болон давж заалдах шатны шүүхээс ял оноосон байдаг. Харин хоёр шатны шүүхийн шийдвэрийг Улсын Дээд шүүхэд хэлэлцэж, ялын хэмжээг нь бууруулсан билээ. 

Тэгвэл ШШГЕГ-ын харьяа хорих 417 дугаар ангид ялаа эдэлж байсан УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын шүүхээс оноосон ялын хугацаа дуусгавар болж, өнөөдөр /2021.04.01/ суллагдсан юм.

Тэрбээр суллагдсан даруйдаа өөрийн цахим хуудаснаа "Та бүгд сайн байна уу. "Улс төрийн хөл хорио"-нд 307, ажилласны шагналд +57 хоног авч, хилс ялыг шоронд дуусгав. Надад итгэсэнд БАЯРЛАЛАА. Таны зөв гэдгийг би удахгүй батална. Би Та бүгдийн адил сураггүй болсон шударга ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улс төрөөр маш их цангаж байна" хэмээн жиргэжээ. 


Одоогоос дөрвөн жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргын ажлыг гүйцэтгэж байсан нь торны цаана суулгах шалтгаан болсон юм. Үндэсний Зөвлөл нь Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн нийт есөн гишүүнтэйгээр шийдвэр гаргаж ажилладаг байгууллага. Харин 2017 онд “жижиг зээл” олголтод 20 тэрбум, орон нутаг, нийслэлийн зорилтот бүлэгт зарцуулах “санхүүгийн дэмжлэг”-т 3.9 тэрбум төгрөгийг тус тус Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлд олгожээ. Энэ хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг орон нутаг, нийслэлийн зорилтот бүлэгт зориулагдсан санхүүгийн дэмжлэг болох 3.9 тэрбум төгрөгийг ААН-ын 21 төсөл, хувь иргэний найман төсөлд олгохоор сонгон шалгаруулалт хийж, олгох дээд хэмжээг 200 сая төгрөг байх зөвшөөрлийг тухайн үеийн Засгийн газар болон Үндэсний зөвлөлийн гишүүд дэмжсэний үндсэн дээр сайд Н.Номтойбаяр баталгаажуулан гарын үсэг зурсан байдаг.

Энэ үйлдэлд 2019 оны арваннэгдүгээр сард ЦЕГ, АТГ-аас 29 төсөлд давуу байдал олгон улсад 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр Н.Номтойбаярыг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн. Уг хэргийг 2020 оны гуравдугаар сард нийслэлийн Прокурорын газраас хянаж үзээд, буруугүй хэмээн АТГ, ЦЕГ-т буцаасан атлаа, яг сарын дараа дахин нийслэлийн Прокурорын газар Н.Номтойбаярыг "Өөр хэргээр яллагдагчаар татсан"-аа мэдэгдсэн. Яг ямар хэргээр яллагдагчаар татагдсанаа мэдэх, түүнд зориулан нотлох баримт цуглуулах боломж олгоогүй буюу хэдхэн хоногийн дотор прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээ мэдэгдэхэд УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр АТГ-ын гадна сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн.

Тодруулбал, "Улс төрийн захиалгаар яллах дүгнэлт үйлдсэн. Гэм буруугүйгээ нотлох боломж олгохгүйгээр яллах дүгнэлт үйлдэж байгаа нь хууль зөрчиж байна" хэмээн тэрээр мэдэгдэж байсан юм. Үүнээс гурав хоногийн дараа буюу 2020 оны тавдугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Номтойбаярыг албадан ирүүлэх шийдвэр гарч, яллах дүгнэлтийг коридорт танилцуулахыг оролдсон байдаг. Ингээд тавдугаар сарын 28-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Н.Номтойбаярыг нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гаргаж, шүүх хурлыг зургаадугаар сарын 28-ны өдөр товлосон.

Энэ үед Н.Номтойбаяр нь УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшихээр бүртгүүлж, СЕХ бүртгэснээ зарлачихсан байсан үе. Нэр дэвшигч Н.Номтойбаяр торны цаана байхад иргэд сонгуулийн сурталчилгааг нь хийж, дэмжиж байгаагаа илэрхийлж байсан. Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хурал долдугаар сарын 2-ноос эхлэн өмгөөлөгчгүй буюу өөрийгөө өмгөөлүүлэх эрхгүй, мөн олон нийтэд хаалттай байдлаар дөрөв хоногийн турш үргэлжилсээр долдугаар сарын 7-ны өдөр 5 жил 5 сар хоригдох ял оноосон.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны хуралтай яг адилхан явагдаж, ялыг хэвээр үлдээсэн. Эцэст нь ЦЕГ, АТГ шалгаад 29 төсөлд 3.9 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосонд хэн нэг албан тушаалтан нөлөөлөөгүй гэдгийг тогтоосон бөгөөд дээрх 3.9 тэрбум төгрөг ямар нэг хохиролгүй төрийн мэдэлд байгаа. 2018, 2019, 2020 онуудад Засгийн газрын баталсан тогтоолын дагуу хөдөлмөр эрхлэгчдэд олгогдож, процесс хэвийн үргэлжилж ирсэн. Эндээс яг адилхан тогтоол, журмын дагуу Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн төсөв иргэд, ААН-үүдэд олгогддог буюу Н.Номтойбаярын баталгаажуулсан, С.Чинзоригийн баталгаажуулсан төслүүд ижилхэн гэсэн үг. Тиймээс Н.Номтойбаярыг хууль зөрчсөн гэж үзвэл С.Чинзориг ч хууль зөрчин, торны цаана суух үндэслэлтэй гэдгийг Улсын дээд шүүхийнхэн ойлгож, энэ хэрэг үндэслэлгүй хэмээн түүнийг цагаатгасан. Гэвч ажилдаа хайнга хандсан хэмээн шинэ зүйл ангиар нэг жилийн хорих ял оноосон байдаг.

Тэрбээр найман сар хоригдоод байсан тул шүүх магадлангаар суллагдах хуулийн боломжтой байсан хэдий ч "Энэ эрхээ эдлэхгүй, хилс ялыг чин дуусгаад гарна" хэмээн шүд зуусан, Шүүгч нар захиалгаар нэр бүхий улстөрчдөд хилс ял өгсөн болох нь сүүлийн үед нотлох баримт дээр тулгуурлан ноцтой яригдах болсон. Тэгвэл шоронгоос өнөөдөрхөн суллагдсан УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын тайлбар, дараагийн алхам нь олон нийтэд хүлээлт үүсгээд байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УИХ-ын дарга Г.Занданшатар БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу-тай цахим уулзалт хийлээ. 2021-04-01

Озэки Г.Ган-Эрдэнэ Монголын иргэншлээс гарах хүсэлтээ хүргүүлжээ 2021-04-01

Коронавирусыг шүлсэнд илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүллээ. 2021-04-01

Дэлхийн банкнаас хувийн хамгаалах хэрэгслийн буцалтгүй тусламжийг хандивлалаа. 2021-04-01

УИХ-ын гишүүн Т.Аубакир хашаандаа мод тарьсан үлгэр жишээ 30 өрхийг урамшуулна 2021-04-01

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр суллагдлаа 2021-04-01

Монгол Улс энэ сарын 6-нд "Мазаалай" бондын 130 сая ам.долларын ӨР төлнө. 2021-04-01

Сөүл рүү энэ сард 7 удаагийн нислэг үйлдэнэ 2021-04-01

Иргэдэд туслах сангийн ээлжит хурлаар 66 иргэний өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэлээ, 2021-04-01

Зах, худалдааны төв, үйлчилгээний газрууд 20:00 цаг хүртэл ажиллана 2021-04-01

Амралтын өдөр ажиллаж буй шинжилгээний цэгээр зайлшгүй шаардлагатай иргэдэд үйлчилнэ, 2021-04-01