Япон БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ сунгалаа
Японы засгийн газар Умард Солонгосын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээгээ дахин хоёр жилээр сунгаж байна. Япон улс Умард Солонгосын цөмийн болон пуужин хөтөлбөрийг зогсоох, хулгайлагдсан иргэдээ буцааж авах үйл явцад ахиц гараагүй гэсэн үндэслэлээр хоригоо сунгахаар шийдвэрлэжээ.
Тодруулбал, Япон улс 2006 оноос хойш Умард Солонгосын эсрэг дангаараа хориг арга хэмжээ авч байгаа юм. Умард Солонгостой худалдаа хийх, Умардад бүртгэлтэй усан онгоцыг боомтдоо оруулахгүй байх гэсэн хоёр үндсэн заалттай хориг арга хэмжээний үйлчлэх хугацаа энэ сарын 13-нд дуусах аж. Харин Умард Солонгос өнгөрсөн сарын сүүлээр баллистик пуужин хоёрыг туршсан.
Энэ сарын 16-нд АНУ-ын ерөнхийлөгч Байден Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэг Цагаан ордонд хүлээн авч уулзана. Тэдний анхны дээд уулзалтын хэлэлцэх гол сэдвийн нэг нь Умард Солонгосын асуудал байх юм. Одоогоор АНУ-ын шинэ засаг захиргаа Умард Солонгост баримтлах бодлогоо цогцоор нь эргэн харах нь гэсэн хүлээлттэй байгаа.
Японы хувьд Солонгосын хойгийн байдалд иж бүрэн шийдэл гаргахад Вашингтонтой хамтарна ажиллана гэж найдаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.