БНХАУ, БНСУ-д коронавируст халдварын тоо буурах хандлагатай байна
“COVID-19” халдварын 93 хувь нь дэлхийн 4 улсад голомтлон тархаж байна. Тэдгээрээс БНХАУ, БНСУ-д халдварын шинэ тохиолдол буурах хандлагатай байна хэмээн ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа онцоллоо.
Мөн тэрбээр, “Дэлхийн 117 улсад “COVID-19” -ийн 118 326 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт дэлхийн хэмжээнд 280 хүн нас барж нийт нас баралтын тоо 4 292 болсон. БНСУ-д халдвар авсан хүн 242 тохиолдлоор нэмэгдэж 60 хүн нас барсан. Италид 977 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийтдээ 10 149 боллоо. Түүнчлэн Иранд нийт тохиолдлын тоо 8 042 болж нас баралт 354 болсон байна. Сүүлийн хоёр долоо хоногт БНХАУ-аас бусад улсад бүртгэгдсэн “COVID-19”-ийн халдвар 13 хувиар нэмэгдэж, халдвар гарсан улсын тоо гурав дахин нэмэгдлээ. Ирэх долоо хоногт халдвар бүртгэгдэх улс болон тохиолдол, нас баралтын тоо улам нэмэгдэнэ гэж ДЭМБ-аас үзэж байна. ДЭМБ-ын ерөнхий захирал зарим улс орнууд халдварыг тогтворжуулах арга хэмжээ авахгүй байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн. Иймд уг халдварт өвчнийг цар тахал гэж тодорхойлсон байна. Одоогоор 81 улсад халдвар бүртгэгдээгүй байна” гэв.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа, “Дэлхийн улс орнуудад “COVID-19” халдвартай холбогдуулан шинээр хязгаарлалт хийх, өмнөх арга хэмжээнийхээ хүрээг тэлэх шийдвэрүүд гаргасаар байна. АНУ-ын 24 муж онц байдал зарлаж, Европоос ирэх бүх нислэгийг нэг сарын хугацаатай цуцаллаа. Уг хязгаарлалт Их Британиас ирэх зорчигч тээврийн хөдөлгөөн болон ачаа тээвэрт хамаарахгүй юм байна. Европ тивд халдвар эрчимтэй тархаж байгаа учир ХБНГУ-ын агаарын тээврийн томоохон компани энэ сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 24-нийг хүртэл 23 000 нислэгээ цуцалж буйгаа мэдэгдлээ. БНХАУ-д “COVID-19” халдварын тохиолдол буурч байгаа ч гадаад улсаас халдвар тээж ирэх тохиолдол гарч байгаа тул Бээжинд ирсэн иргэдийг гэрт нь эсвэл тусгайлан бэлдсэн зочид буудалд 14 хоног тусгаарлах шийдвэр гаргасан байна. Мөн богино хугацаагаар ирсэн гадаадын зочдыг түр тусгаарлан шинжилгээ авч халдваргүй нь тогтоогдвол гадуур явахыг зөвшөөрөх юм байна. Зарим улс мөн виз олгохгүй байх, өмнө нь олгосон визээ цуцлах гэх мэт арга хэмжээг авч эхэлсэн байна” хэмээв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.