Үнэт металлын худалдан авалт 3.7 тонноор ӨСЖЭЭ

Үнэт металлын  худалдан авалт 3.7 тонноор ӨСЖЭЭ

Монголбанк  энэ  сарын 11-ний өдрийн байдлаар нийт 4.9 тн үнэт металл худалдан авсан байна. Үүнээс алт 3.2 тн, цагаан мөнгө 1.7 тн худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1.2 тн үнэт металл худалдан авч байснаас 3.7 тонноор өсжээ.  

Үнэт металлын худалдан авалт өсөхөд  дэлхийн зах зээлийн алтны үнэ өссөн,  өнгөрсөн оны мөн үед холбогдох хууль шинэчлэн батлагдах хугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 10 хувиар тооцон суутган авч байсан, он гарсаар Монголбанк дотоодын аж ахуйн нэгжээс нийт 1.7 тн цагаан мөнгө худалдан авсан зэрэг нь тус тус нөлөөллөө гэж Монголбанк тайлбарлаж байна.

Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авах 1 грамм алтны дундаж үнэ 2020 оны хоёрдугаар сард дунджаар 140,292.94  төгрөг байв. Харин 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар зарласан үнэ 1 гр алт 147,096.92 төгрөг, 1 гр мөнгө 1,492.43 төгрөг тус тус байгаа юм.

Монголбанк нь 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн Монгол Улсад олборлосон цагаан мөнгөөр үйлдвэрлэсэн 1 унцын мөнгөн гулдмай, 1000 гр мөнгөн гулдмай, 4 кг-р савласан үрлэн мөнгө (Ag 999.0) тус тус жинтэй, албан ёсны сертификат бүхий үнэт металлыг байгууллага, иргэний хүсэлтээр худалдаалахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Ингэснээр дотоодын зах зээл албан ёсны бүртгэлтэй үнэт металлын худалдаа эхлүүлэх, бэлэг дурсгалын зориулалтаар ашиглах, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, уран дархчууд гарал үүсэл нь тодорхой цагаан мөнгөөр гоёл чимэглэлийг зүйлс урлах боломжтой гэсэн мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.