СОЛОНГОСТ ЗААВАЛ ҮЗЭХ ЁСТОЙ ГАЗРУУД
Өмнөд Солонгос бол үзэсгэлэнт байгаль, өнгө алагласан барилгууд, сонирхол татам түүхэн дурсгалт газрууд, өргөн хоолны соёл зэргээрээ аялагчдыг өөртөө татдаг. Хамтдаа Солонгос улсад очсон хүн бүрийн заавал үзэх ёстой 10 газартай танилцацгаая.
Сувон
Сувон хот нь Кёнги мужийн төв бөгөөд Сөүлээс ердөө 30 кмийн зайд оршдог. Сөүлээс автомашин, галт тэргээр хялбархан очих боломжтой.
Хэрэв Сувонд зочилбол 2002 оны ДАШТ-ий хагас шигшээ тоглолтыг зохион байгуулж байсан “Big Bird” цэнгэлдэх хүрээлэнг үзэж, 18-р зууны түүхэн дурсгалт Хвасон цайз руу явж, архитектурын гайхамшгийг биширч болно.
Чүнчон
Ганвон мужийн төв хот Чүнчон нь үзэсгэлэнт нуурууд, өндөр уулсаар хүрээлэгдсэн. Чүнчон бол Солонгосын алдартай “Winter Sonata” олон ангит киноны зураг авалтыг хийсэн газар хүмүүс сонирхохоор маш их ирдэг.
Тус газар нь хоолны диваажин гэж нэрлэгддэг бөгөөд хүмүүс амттай хоол идэх гэж зорьж очих нь элбэг. Хоолны гудамжаар хүмүүс дүүрэн холхиж, өөр өөрсдийн сонирхолд нийцэх хоолыг идэж, сэтгэл дүүрэн буцдаг байна.
Пусан
Улсын хэмжээнд хоёр дахь том хот бол Пусан юм. Тус газар нь ерөнхийдөө томоохон боомт бөгөөд үзэсгэлэнт далайн эрэг, халуун рашаан, цагийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлж болох олон сонирхолтой үйл ажиллагаануудтай.
Бусад хотуудын адил музей, худалдааны төв, нутгийн дэлгүүрүүд олон байх бөгөөд хамгийн алдартай газруудын тоонд Хаундэ наран шарлагын газар, Тэжондае цэцэрлэгт хүрээлэн, үзэсгэлэнт Накдон голын ам, нүүдлийн шувуудын дархан газар багтдаг.
Чонжү
Чонжү хот нь сүүлийн үед голлон анхаарлыг татаж буй соёлын өв бүхий газар гэхэд буруудахгүй. Аль хэдийн олон мянган гадаад, дотоодын жуулчдын зорин ирдэг чиглэл болж, хотын гудамжин дахь хоолны газар, үндэсний хувцастай залуу охид бужигналдах гудамж нь хүмүүст амтат хоолны газар, нүд хужирлах газрыг нэгээр нэмэгдүүлж өгч байгаа билээ.
Сеораксан үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Ууланд алхах дуртай, адал явдлыг илэрхийлэгч, гайхалтай гэрэл зураг дарах сонирхолтой хүмүүсийн заавал очих ёстой газар бол Сеораксан үндэсний цэцэрлэгт хүрээлэн юм. Тэндээс та нарсан ой, уул нуруу, чулуурхаг уулын оргилууд, тунгалаг горхи зэрэгтэй танилцах болно.
Сеораксан үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2000 гаруй амьтны төрөл зүйл амьдардаг. Та хүрээлэнгийн төвөөс очиж, англи, солонгос хэл дээрх үнэгүй газрын зураг авах боломжтой.
Андонг
Өмнөд Солонгосын соёлын төв гэдгээрээ алдартай бөгөөд соёлын нийслэл гэж нэрлэх нь бий. Та тус улсын соёл уламжлалыг сонирхож байвал эргэлзэх зүйлгүйгээр энэ газарт ирэх ёстой. Маш олон төрлийн сонирхолтой дурсгалын зүйлс худалдаалах бөгөөд амттай хоолоор таныг өөртөө татна. Мэдээж хамгийн чухал нь улс орны үүх түүх, соёлын тодотгол болсон гайхалтай газрууд олон.
Чежү арал
Азийн Хавай гэгдэх Чежү арал нь Солонгос улсын аялал жуулчлалын тэргүүлэх бүс, төдийгүй газар нутагт харъяалах хамгийн том арал, мөн цорын ганц бие даасан хотын статустай бүс юм. БНСУ-н Засгийн газар Чежү арлыг аялал жуулчлалын бүс болгохоор тогтож, 1950 оноос эхлэн томоохон бүтээн байгуулалтууд хийж эхэлсэн ба арлын үзэсгэлэнт байгаль, түүх соёлын өвийг хослуулан амралт зугаалга, аялал жуулчлалын чөлөөт бүс нутаг болгож хөгжүүлсэн.
Ингээд 1958 онд 100 хүний бүрэлдэхүүнтэй жуулчдын баг Чежүд хөл тавьснаар анхны жуулчдаа хүлээн авсан байна. Дэлхийн аль ч улсаас Чежү аралд нэвтрэхэд визний шаардлагагүй. Харин Чэжү арлаас Сөүл, Бусан зэрэг өөр хотууд руу явах тохиолдолд виз авсан байх шаардлагатай.
Кёнжү
Кёнжү нь 1000-аад жил Шилла улсын нийслэл байсан тул Шиллагийн мянгаад жилийн түүхийг шингээсэн, Солонгосын төлөөлөх аялал жуулчлалын газрын нэг юм. Буддын хийд, Соггүрамаас эхлээд Кёнжү бүхэлдээ ЮНЕСКОгийн дэлхийн соёлын өвд бүртгэгдээд байна. Хотын дунд гүвээ мэт хэд хэдэн эртний булш байх ба одон орныг ажигладаг байсан цамхаг ч бий.
Түүнчлэн Шиллачуудын моод, романтик сэтгэл шингэсэн Анабжи хэмээх цөөрөм ч хотын төвд оршино. Тоолж баршгүй олон үлгэр домог, түүхийг шингээсэн соёлын өвүүд байдаг тул Кёнжүд очно гэдэг мянган жилийн түүхийг туулаад гарах хэмжээний цагийн аялал хийх боломж гэж хэлж ч болно. Кёнжүд хамгийн түрүүнд үзэх ёстой зүйлийн нэг бол Кёнжүгийн төв музей билээ. Олон төрлийн үзэсгэлэнгийн танхимтайн дээр гадаа талбайд ч эд өлгийн зүйлээр үзэсгэлэн гаргасан байх ба үзмэрийн тоо 10 мянга давна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.