Дэлхийн шилдэг хотууд: Рио де Жанейро /Бразил/
Рио Де Жанейро хот нь Сан-Паулогийн дараа орох Бразилийн хоёр дахь том хот, Рио Де Жанейро мужийн төв юм. Хотын нэр нь "Нэг сарын гол" гэсэн утгатай. Бразил улс Португалийн колони байх үед 1763 оноос 1822 он хүртэл бараг хоёр зууны туршид, тусгаар тогтносны дараа 1822 оноос 1960 он хүртэл тус улсын нийслэл байжээ. 1808 оноос 1821 он хүртэл Португалийн эзэнт гүрний де факто нийслэл байжээ. Рио Де Жанейро нь ихэнхдээ "Рио" хэмээгддэг бөгөөд үүнээс гадна A Cidade Maravilhosa буюу "Гайхалтай хот" гэсэн хочтой.
Рио Де Жанейро нь байгалийн үзэмж, Карнавалийн баяр, самба болон бусад хөгжим, зочид буудал олонтой жуулчдын далайн эрэг зэргээрээ дэлхийд алдартай. Далайн эргүүдээс гадна Корковадо ууланд орших, Шинэ Дэлхийн долоон гайхамшгийн нэг "Нүгэл арилгагч Христ" (O Cristo Redentor) гэсэн Есүс Христийн аварга хөшөө, Чихрийн овооны уул, Самбидромо гэгч жил бүр Карнавалийн үеэр хэрэглэгддэг бүс, дэлхийн хөлбөмбөгийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгүүдийн нэг Маракана цэнгэлдэх хүрээлэн зэргээрээ бас алдартай. Рио Де Жанейрод мөн Parque Estadual da Pedra Branca буюу Цагаан чулууны мужийн парк, Floresta da Tijuca буюу "Тижука ой" гэсэн хот доторх хамгийн том ой оршдог.
Галеао- Антонио Карлос Жобим олон улсын нисэх буудал нь Рио Де Жанейро хотыг Бразилийн болон олон улсын хотуудтай холбодог. Рио Де Жанейро нь хэдийгээр их үзэсгэлэнтэйд тооцогддог боловч дэлхийн хамгийн "догшин" хотуудын нэг юм.
Учир нь Рио хотын нэгэн ядуусын хороолол нь Олон улсын нисэх буудлын дэргэд байрладаг бөгөөд энэ нь хамгийн их гэмт хэрэг, аллага гардаг дүүргийн нэг гэнэ. Бразил улсад 2014 онд зохион байгуулагдсан Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аюулгүй байдлыг хангах үүднээс Бразилийн хүчний байгууллагынхан тус ядуусын хороололд гэнэтийн шалгалт хийсэн гэдэг.
Энэ ажиллагаанд 1400 гаруй цагдаа, тэнгисийн явган цэрэг, тусгай хүчнийхэн, хуягт, олон арван машин техник, мөн нисдэг тэрэг оролцсон байна.
Бразил нь гэмт халдлагын улмаас хамгийн их цагдаагийн албан хаагч амь насаараа хохирдог улс. 2013 онд л гэхэд гэмт халдлагын улмаас Рио хотод 229 цагдаагийн албан хаагч алагджээ. Мөн тус онд 5000 гаруй хүн сураггүй алга болсон байна. Зарим эх сурвалжид бичсэнээр Рио хотод өдөрт дунджаар 15 хүн сураггүй алга болдог гэх албан бус мэдээ байдаг ажээ.
Рио Де Жанейро хот 1260 км² газар нутгийг эзлэн оршдог маш том муж. Хүн амынх нь 51.2 хувь нь цагаан арьстан, 36.5 хувь нь өнгөт арьстан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.