Дүрслэх урлагийн музей: Жамсрангийн шүрэн баг

Дүрслэх урлагийн музей: Жамсрангийн шүрэн баг

Энэ удаад Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн хосгүй үнэт бүтээлийн нэг Цамын баг-Жамсрангийн шүрэн багийг толилуулж байна.

Цам бүжгийн дүрүүд нь ихэвчлэн догшин дүрт бурхад байдаг тул тэдгээрийн нүүр царайг илэрхийлэгч баг нь нэн догшин сүрдмээр том нүдтэй, амаа ангайн соёо шүдээ ярзайлгасан, маш тод өнгөөр будаж бүтээдэг.

Уг бүтээлийг XIX зууны сүүл XX зууны эхэн үед Их хүрээний барималч Пунцаг-Осор цаасан шуумлын аргаар урлажээ. Нийт том, жижиг 17000 ширхэг улаан шүрийг өнгө хэмжээг тохируулан нүүрний булчингийн ширхэг дагуу үй зайгүй шигтгэхээс гадна алт, мөнгө, зэсээр урласан байна.

Багийг титэм, доош унжих жавдар, даржин, ээмэг зэргээр чимнэ. Тэдгээрийг зээгт наамал, уран хатгамлын аргаар маш нарийн урлаж, титэм, чихний 2 ээмгийг сийлбэрлэн хийсэн байдаг. Цамын багийн хэмжээ нь хүний толгойноос 2 дахин том ба цамчны нүд багны амны завьж хавьцаа таарч замаа хардаг байна.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.