Үндэсний чуулганы ажлын хэсгийн хурал болов.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний цахим чуулган”-ыг “Ковид-19” халдварт цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар зохион байгуулна.
Чуулган 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулах бөгөөд хүүхдийн санал бодлыг сонсож, тулгамдаж буй асуудлыг бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх, хүүхэд хүүхдэдээ нөлөөлөх, манлайлах үйл явцад дэмжлэг үзүүлэх, хүүхдийн оролцоо, өөрийн удирдлагын байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой юм.
Уг үндэсний чуулганд төр, төрийн бус, олон улсын байгууллагуудын оролцооны байгууллагуудын төлөөлөл болсон 500 гаруй хүүхдийг оролцуулна.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж чуулганыг зохион байгуулахад хамтран ажиллаж буй төр, төрийн бус, олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй цахимаар хуралдаж, санал солилцлоо.
Чуулганы ажлын хэсгийн ахлагчаар ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун, ерөнхий менежерээр Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын ерөнхий захирал Б.Отгонбат ажиллахаар болж НҮБ-ын Хүүхдийн Сан, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага, Японы Хүүхдийг Ивээх Сан, Гүүд нейборс олон улсын байгууллага болон Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээний байгууллага дэмжин оролцож байна.
Чуулганы үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байгаа байгууллагууд цаашид хүүхдийн оролцлоо, хөгжлийн асуудлыг шинэ түвшинд гаргахад хамтран ажиллахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.