АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй иргэдийг маргааш бүртгэнэ

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй иргэдийг маргааш бүртгэнэ

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийг бүртгэх ажлыг маргааш 09.00-15.00 цагийн хооронд зохион байгуулах талаар тус намын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг өнөөдөр мэдээлэв. 

Өнөөдөр 10.00 цагт нэр дэвшигчийг ёсчлон батламжлах XII их хурлын төлөөлөгчдийг сонгох сонгууль цахимаар эхэлсэн бөгөөд 22.00 цагт дуусах юм байна. Нэр дэвшигчдийг маргааш бүртгэсний дараа буюу 15.00-16.00 цагт АН-ын дотоод сонгуулийн хороо материалыг нь шалгаж дүгнэлт гаргах юм. Улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах санал хураалт тавдугаар сарын 1-ний 09.00-22.00 цагийн хооронд намын 143 мянган гишүүний хүрээнд болох аж. 

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр материал өгөх хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баримтлан дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. 

  • Бүрдүүлэх бичиг баримтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг баримталж ажиллаж байна.
  • Нэр дэвшигчийн өргөдөл, маягт
  • Ажил, албан тушаалаас чөлөөлсөн тухай шийдвэрийн хуулбар,
  • Татварын ерөнхий газрын тодорхойлолт
  • Нэр дэвшигчийн намтар,
  • Иргэний үнэмлэхийн хуулбар,
  • Төрсний гэрчилгээ,
  • Хил хамгаалах байгууллагын тодорхойлолт,
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа, мэдээлэл
  • Ял эдэлсэн эсэх тодорхойлолт,
  • ХОМ-ийг урьдчилсан байдлаар бичгээр өгөх,
  • Хоёр хувь цээж зураг,
  • Сонгуулийн зардал тушаасан баримт
  • Зээл төлбөртэй холбоотой асуудлыг хуулийн дагуу бүрдүүлж өгөх

Улсын дээд шүүхийн мягмар гаргийн хуралдаанаар АН-ын даргыг бүртгэх хоёр талын асуудлыг хүлээн авахаас татгалзсан тухай АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр тэмдэглэв. Тэрбээр, "Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу намын дотоод маргаантай асуудалд Улсын дээд шүүх оролцохгүй гэсэн зарчим барьсан гэж ойлгож байна. Энэ асуудлаар Улсын дээд шүүхэд дахин хандана. АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэсэн ташаа ойлголт гарч байна. АН бол УИХ-д суудалтай, бүлэгтэй нам. АН-ын хуучин даргын бүртгэл хуулийн хүрээнд хүчинтэй байгаа. Шинэ даргыг бүртгэх бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд шинээр бичилт хийж мэдээллийг өөрчилнө. Ерөнхийлөгчийн сонгууль бол төрийн сонгууль учраас Үндсэн хууль болон бусад холбогдох хуулийн хүрээнд явагдана. Дотоод маргаантай холбоотойгоор Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшүүлэхгүй гэсэн ташаа ойлголт байж болохгүй" хэмээв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.