Монголын гурван иргэнээс коронавирусний халдвар илэрсэн
Монгол Улсын гурван иргэн КОВИД-19 шинэ төрлийн коронавирусний халдвар авсан талаар Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ албан ёсоор мэдээллээ.
Дээрх иргэдийн хоёр нь БНСУ-аас, нэг нь Герман улсаас өчигдөр /2020.03.15/ Улаанбаатарт ирсэн Монгол Улсын иргэд юм. Энэ талаар ЭМЯ-наас өгсөн мэдээллийг хүргэж байна.
ЭМЯ-ны Төрийн Захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн шинжилгээний хариу өнөөдөр орой гарсан. Шинжилгээгээр гурван хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Хавьтлуудыг нарийвчлан судалж байна. Бид коронавирус халдварласан улс орноос иргэдээ авчрахдаа эрсдэл байгаа гэдгийг тооцоолж байсны дагуу зохих бэлтгэлээ хангаж, нэг бүрчлэн тусгаарласан. Хүн амын дунд халдварыг тархаахгүй байх үүднээс зохих арга хэмжээг авч байна. Францаас Берлинээр дамжин ирсэн хүний биеийн байдал хүнд байгаа. Германаас ирсэн хүний ойрын хавьтлын есөн хүнийг тусгаарласан" гэлээ.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга. Д.Нарангэрэл "Дэлхийн 160 гаруй оронд халдвар тархаад байна. Халдвар Монгол Улсад тархах эрсдэл өндөр гэдгийг бид мэдэж байсан. Эрсдлийг мэдэж байсан ч Үндсэн хуулийнхаа дагуу зайлшгүй авчрах ёстой эрүүл мэндийн шалтгаантай иргэдээ эх орондоо авчирсан. Манай улс "Ковед-19" өвчний халдвараас сэргийлэх чиглэлд гурван сарын хугацаанд сайн ажилласан. Маш олон төрлийн зөвлөмжийг өгч ирсэн. Тогтмол өгдөг энгийн зөвлөгөөнүүдийг иргэддээ өгдөг. Цаашид ч амны хаалтаа зүүх, дархлаагаа сайжруулахад анхаарай. Айж сандрах хэрэггүй. Амгалан тайван байх хэрэгтэй. Халдвар авсан иргэдийг тусгаарласан. ЭМЯ-аас халдварын талаар үнэн бодит мэдээллийг тухай бүрт нь өгч байна" гэлээ.
ЭМЯ-ны Төрийн Захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Өмнөх халдвар авсан иргэн болоод шинээр илэрсэн халдвар нь бүгд зөөвөрлөгдөж орж ирсэн. Тиймээс авах арга хэмжээ, дэглэм нь тодорхой. Бид зохих арга хэмжээг авч ажиллаж байгаа гэдгийг дахин хэлье" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.