Худал мэдээлэл тараасан Өмнөд Солонгосын сүүн бүтээгдэхүүний компанийн ерөнхийлөгч огцорлоо.
Өмнөд Солонгосын зах зээлд орлогоороо гуравт жагсдаг сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Namyang Dairy Products Co компанийн ерөнхийлөгч 5-р сарын 4ний өдөр албан тушаалаасаа огцрох шийдвэрийг зарласан байна.
Өнгөрсөн сард тус компани өөрийн “Bulgaris” брэндийн йогуртыг коронавирусээс хамгаалах үйлчилгээтэй тухай мэдэгдсэн юм.
Үүний дараа Namyang компанийн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж, хөрөнгийн зах зээл дээр хувьцааны үнэ нь өссөн байна.
Гэвч йогурт коронавирусийн халдвараас хамгаалдаг гэх мэдээлэл шинжлэх ухааны үндэслэлтэй баримтаар батлагдаагүй тул иргэдийн дунд тус компанийн бараа бүтээгдэхүүнийг бойкотлох хөдөлгөөн өрнөж, гүйцэтгэх захирал нь албан тушаалаасаа огцорсон юм. Гүйцэтгэх захирлын огцрох шийдвэр иргэдийн бухимдлыг дарж чадаагүй тул энэ удаа ерөнхийлөгч Хон Вон Сик олон нийтээс уучлал гуйгаад албан тушаалаасаа огцорч байна.
“Би бүх хариуцлагыг өөртөө хүлээж, Namyan Dairy компанийн ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч байна. Би удирдлагыг өөрийн үр хүүхдүүдэд шилжүүлэхгүй байхаар шийдлээ” гэж Хон Вон Сик сэтгүүлчдийн өмнө мэдэгдээд олон нийтээс уучлал гуйжээ.
Түүний гэр бүл Namyang Dairy Products Co компанийн 53.1 хувийг эзэмшдэг юм байна.
Өнгөрсөн долоо хоногт Сөүл хот дахь тус компанийн төв байранд цагдаа нар нэгжлэг явуулж, вирусийн судалгаатай холбоотой баримт цуглуулсан юм.
Эх сурвалж : https://www.yna.co.kr/view/AKR20210504054451030?input=1195m
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.