Өнөөдрийн нислэгээр биеийн байдал нь хүнд нэг хүүхэд хүлээж авна
Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.18/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "2020 оны нэгдүгээр сарын 9-нөөс 2277 иргэнийг тусгаарлан хянаснаас одоогийн байдлаар 1337 иргэн ажиглалтын байранд хянагдаж банйа. Сэжигтэй 300 тохиолдолд шинжилгээ хийсэн. Өнөөдрийн байдлаар дөрвөн сэжигтэй тохиолдол хянагдаж байна. Батлагдсан таван тохиолдол байна. Өнөөдөр шөнө Стамбул-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор урьдчилсан байдлаар 252 монгол иргэн ирнэ гэсэн мэдээлэл байна. Эдгээр иргэдийг тусгаарлах бэлтгэлийг хангаж байна. Сэжигтэй болон голомттой бүс нутгаас ирсэн иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлана.
Урьдчилсан байдлаар тус онгоцоор биеийн байдал нь хүнд нэг хүүхэд ирэх мэдээлэл өгсөн учраас эрчимт эмчилгээний эмчийг шаардлагатай тохиолдолд тусламж үзүүлүүлэхээр явуулсан. Тухайн хүүхэд КОВИД-19 халдвартай бус АНУ-д өөр өвчнөөр эмчлүүлээд буцаж байгаа хүүхэд.
Тусгаарлах байруудад ажиглалтад байгаа иргэдийн биеийн байдал тогтвортой байна.
ОХУ-аас ирэх монгол иргэдийн тоо нэмэгдэх магадлалтай байгаа учраас иргэдийн Алтанбулагийн боомтоор хүлээж авах бэлтгэл ажлыг хангаж, Сэлэнгэ аймаг, Дархан-Уул аймгуудад тусгаарлах байр бэлдэж, тэнд ажиллах эмнэлгийн мэргэжилтнүүдийг томилсон.
Эрүүл мэндийн салбар нэг тохиолдол бүртгэгдвэл хэрхэн ажиллах, 10 тохиолдол бүртгэгдвэл хэрхэн ажиллах, 100 тохиолдол бүртгэгдвэл хэрхэн ажиллах талаар төлөвлөсөн. Энэхүү төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байна. Дэлхийн бусад улс орон шиг эмнэлгийн орнууд дүүрэх нөхцөл байдал үүсвэл яах вэ гэдэг төлөвлөлтөө мөн хийсэн. Гэрээр эмчлэх заавар зөвлөмжийг гаргаад ажиллаж байна.
Түүнчлэн бусад эмнэлгийн тусламж үйлчилгээний хэвийн байдалд хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчин амбулаторийн үзэлгийн 2.5 хувийг эзэлж байна.
ДЭМБ-ын аргачлалаар халдвар тархах, хүндрэх, маш хүндрэх үед авах арга хэмжээг тооцоолж байна. Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний 600 ор байгаагаас хүүхдийн болон амаржих эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх орыг хасаад үлдсэн орнуудыг КОВИД-19 халдварын үед ашиглах талаар төлөвлөлт хийсэн.
Өнөөдөр 15:00 цагаас БНХАУ-ын эрдэмтэд, эмч нартай цахим хурал хийхээр болсон. Тус хурлаар эмчилгээнд ямар эм тариаг түлхүү хэрэглэж үр дүнд хүрэв гэдгийг ярилцана. Иргэдэд маань аливаа шинж тэмдэг илэрвэл юуны түрүүнд утсаар зөвлөгөө аваарай" гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.