Монгол Улсад мотобуудлагын цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 65 жилийн ойн баярын өдөр
Монгол Улсад шинэ цагийн мотобуудлагын цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 65 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Ардын Хувьсгалт цэргийн мотобуудлагын анхны батальон 1956 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсанаар орчин цагийн Ерөнхий цэргийн түүх эхэлсэн гэж үздэг аж.
Хожим ерөнхий цэргийн офицеруудаас гаргасан санал, санаачилгад тулгуурлан Батлан хамгаалахын сайдын 2007 оны 122 дугаар тушаалаар энэхүү өдрийг “Ерөнхий цэргийн өдөр” болгон тэмдэглэх болсон байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан Хуурай замын цэргийн командлагч, Хошууч генерал Б.Амгаланбаатар мэндчилгээ дэвшүүллээ.
Мэндчилгээнд:
"Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө эрхэм үйлсэд хүчин зүтгэж, эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе, үеийн эх оронч ерөнхий цэргийн ахмадууд, одоо алба хашиж байгаа мэргэжил нэгт офицер, ахлагч нартаа орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, шинэ цагийн мотобуудлагын цэрэг түүхт 65 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Ерөнхий цэргийн мэргэжлийн офицеруудын дайчин замнал, алдар гавьяа, амжилт бүтээл нь Зэвсэгт хүчний түүхэнд чухал байр суурийг эзэлдэг бөгөөд өнөөдөр ч гэсэн ерөнхий цэргийнхэн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хөгжил цэцэглэлт, эх орны бүтээн байгуулалт, энхийг дэмжих үйл хэрэгт манлайлагчийн эгнээнд байдгийг цохон тэмдэглэхэд таатай байна.
Ардын журамт цэрэг байгуулагдсанаар Монгол цэргийн шинэ үеийн түүхийн хуудсыг нээж, морьт цэргээс мото механикжуулсан цэрэг, улмаар мотобуудлагын цэрэг болон хөгжих их үйлсийн манлайд явсан ахмад дайчид, тэдний нэр хүндийг өндөрт өргөж яваа эрхэм Та бүхэндээ орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, шинэ цагийн мотобуудлагын цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 65 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлж, албанд нь өндөр амжилт, амьдралд нь хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Монгол цэргийн яруу алдар үеийн үед мандан бадраг!" гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.