БНСУ-аас “Ковид-19" халдварын лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур хандивлав
БНСУ-ын Seegene Inc. компаниас 500 мянган ам.доллар буюу 1.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий “Ковид-19” халдварын Полимеразын гинжин урвалын анализатор машин, вирусний нуклейн хүчлийг ялгах автомат аппаратыг хандивласныг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ли Ё Хун өнөөдөр ЭМЯ-нд хүлээлгэн өглөө.
Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, “Ковид-19” халдварын эхэн үеэс БНСУ-аас Монгол Улсад халдвартай тэмцэх, сэргийлэхэд зориулж, лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгслийн тусламжийг удаа дараа үзүүлж ирсэн нь цар тахалтай тэмцэх, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах, эмч мэргэжилтнийг чадавхжуулах, лабораторийн тоног төхөөрөмжийн нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв.
Тэрбээр халдвар, нас баралтын тоо дорвитой буурахгүй байгаа энэ амаргүй үед БНСУ-ын Seegenе Inc. компаниас “Ковид-19” халдварыг илрүүлэх, баталгаажуулах гол шинжилгээний аппаратуудыг оношлуурын хамт иж бүрнээр хүлээлгэн өгч байгаа нь цаг үеэ олсон нэн чухал ажил болж байгааг онцлоод эдгээр аппарат, тоног төхөөрөмжийг хэрэгцээ шаардлага өндөр байгаа эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгөхөө мэдэгдэв.
Элчин сайд Ли Ё Хун хэлэхдээ Монгол Улсын Засгийн газраас “Ковид-19” халдварын эсрэг авч буй хариу арга хэмжээ, хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд үр дүнтэй байгааг тэмдэглэв. Мөн вакцинжуулалтын ажил эрчимтэй өрнөж, дэлхийд дээгүүр бичигдэх болсонд Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэхийн зэрэгцээ БНСУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудыг “Ковид-19”-ийн эсрэг вакцинд хамруулсан явдалд талархал илэрхийллээ.
Энэхүү үйл ажиллагаанд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, “Лайфтроник” ХХК болон ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс оролцсон юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.