Мальта нийтийн дархлаа тогтсон ЕХ-ны анхны улс болжээ.
Мальта “COVID-19”-ийн нийтийн дархлаа тогтсон Европын Холбооны /ЕХ/ анхны улс боллоо гэж тус улсын шадар сайд бөгөөд Эрүүл мэндийн сайд Крис Ферне мэдэгджээ.
Түүний мэдээлснээр, Мальта улсын насанд хүрсэн хүн амын 70 хувь нь вакцины нэг тунг хийлгэсэн бол 42 хувь нь хоёр тунг бүрэн хийлгэсэн байна. “Өнөөдөр бид нийтийн дархлаатай боллоо. Вакцин бол вирустэй тэмцэх зэвсэг юм” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Вакцинжуулалтын ажил амжилттай явагдаж байгаатай холбоотойгоор Мальтагийн эрх баригчид коронавирусний цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтуудаа сулруулахаар төлөвлөжээ. Тухайлбал, хоёр тунгаа бүрэн хийлгэсэн хүмүүс долоодугаар сараас эхлэн гудамжинд амны хаалтгүй явж болно. Гэхдээ битүү орчинд амны хаалт зайлшгүй зүүх журам хэвээр үйлчлэх аж. Түүнчлэн ойрын өдрүүдэд вакцинжуулалтын гэрчилгээ нэвтрүүлж, долоодугаар сараас эхлэн соёл, зугаа цэнгэлийн арга хэмжээнд ашиглахаар төлөвлөж байна. Тус улсад даваа гаргаас спорт заал, усан бассейнуудын хязгаарлалтыг цуцалж, зоогийн газруудын ажиллах цагийн хуваарийг шөнө дунд болгож уртасгажээ.
Цар тахал дэгдсэнээс хойш Мальтад коронавирусний халдварын 30 500 тохиолдол бүртгэгдэж, 417 хүн нас баржээ. Өнгөрсөн хоногт халдварын ердөө хоёр шинэ тохиолдол илэрсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.