Онгоц барьцаалсантай холбоотой маргаанд Лукашенкогийн талд зогсохоо Путин амлажээ.

Онгоц барьцаалсантай холбоотой маргаанд Лукашенкогийн талд зогсохоо Путин амлажээ.

Баасан гарагт Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй Сочи хотод уулзжээ. Уулзалтын үеэр Путин онгоц барьцаалсан гэх хэрэгт буруутгагдаад байгаа Лукашенкод туслахаа амласан байна.

Өнгөрсөн Ням гарагт нутаг дээгүүр нь Грекийн Афинаас Литвийн Вильнюс хотын чиглэлд нисэж явсан RyanAir компанийн нисэх онгоцыг Беларусийн тал хуурч Минск хотод буулгаад өөрийн эрэн сурвалжилж байсан сэтгүүлчийг баривчилсан юм.

Ингэхдээ онгоцны ачаанд тэсрэх бөмбөг байж болзошгүй гэсэн үндэслэлээр ослын буулт хийхийг шаардаж, Беларусийн армийн сөнөөгч онгоцыг дагалдуулж нисгэсэн байна.

Үнэндээ онгоцонд ямар нэг бөмбөг байгаагүй, харин Лукашенког шүүмжлэгч, гадаадад дүрвэсэн сэтгүүлч Роман Протасевичийг баривчах зорилготой нь сүүлд тодорхой болсон юм. Протасевичийг найз бүсгүйнх нь хамт баривчилж буулгасны дараа онгоц нислэгээ үргэлжлүүлсэн байна.

Одоо Протасевич олон нийтийг үймээн самуунд турхирсан хэргээр 15 хүртэл жилийн хорих ял сонсож болзошгүй байгаа юм. Сочид болсон уулзалтын үеэр Путин онгоцтой холбоотой маргааны улмаас Беларусийн эсрэг Европын Холбоо хориг арга хэмжээ авах болсныг “сэтгэл хөдлөлийн илэрхийлэл” төдий зүйл гээд уг асуудлаар Лукашенкогийн талд тууштай зогсохоо амлажээ.

“Тэд нэг удаа Боливийн ерөнхийлөгчийн онгоцыг албадаж буулгаж байсан удаатай. Тэр үед хэн ч энэ талаар дуугараагүй өнгөрсөн” гэж Путин өрнөдийнхний "хоёр нүүр"-ийг шүүмжилсэн байна. 2013 онд Москвагаас эх орондоо буцаж явсан Боливийн ерөнхийлөгч Эво Моралесийн нисэх онгоцыг Австри улсад буулгаж байсан удаатай. Тухайн үед АНУ-ын тагнуулын алба нууц мэдээлэл задруулсан өөрийн иргэн Эдвард Сноуденыг эрэн сурвалжилж байсан бөгөөд Боливи руу нууцаар дүрвэж байж болзошгүй гэж сэжиглээд Моралесын онгоцыг саатуулж байжээ.

Лукашенко өчигдрийн уулзалтын үеэр RyanAir-ийн онгоцыг тойрсон хэрэг явдлын талаар нууц баримт үзүүлэхээ Путинд амласан байна. Тэр өөрийгөө энэ хэрэгт ямар ч буруугүй, үүнийг өрнөдийнхний явуулга гэж тайлбарлаж байгаа юм. “Бидэнд асуудал гарвал цаана нь заавал нэг этгээд байдаг. Би энэ талаар танд мэдээлэл өгөх болно. Яг юу болсныг харуулах зарим баримтыг би энд авчирсан” гэж Лукашенко ярьжээ. Уулзалтын дараа Путин, Лукашенко хоёр Хар тэнгист зугаалахаар тохиролцсон байна.

9.5 сая хүн амтай Беларусь улс нь ОХУ-ыг NATO-гийн гишүүн орнуудаас тусгаарлаж байдаг стратегийн чухал ач холбогдолтой завсрын бүс юм. Хоёр орны удирдагчид “холбооны улс” болж нэгдэх асуудлаар олон жилийн турш хэлэлцэж байгаа. 1994 оноос хойш Беларусийг удирдаж байгаа Александр Лукашенко өнгөрсөн оны наймдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан нь иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, өнөөдрийг хүртэл тэмцэл үргэлжилж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.