Орос, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг хэлэлцэнэ
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Москва хотод ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгтэй өнөөдөр хоёр талын харилцаа, тухайлбал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэлэлцэнэ.
“Гадаад хэргийн сайд Сергей Лавров, манай улсад ажлын айлчлал хийх Монгол Улсын Гадаад харилцааны сайдтай зургадугаар сарын 1-нд уулзаж, хоёр талын харилцааны гол асуудлууд, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх дээд түвшний хэлэлцээрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэнэ" гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова урьд нь мэдээлсэн юм. Түүнчлэн, "худалдаа эдийн засаг, тээвэр, дэд бүтэц, эрчим хүч болон хүмүүнлэгийн салбарууд" дахь хамтын ажиллагаа, мөн "олон улсын тавцанд болон бүс нутгийн үйл хэрэгт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх" талаар тал хэлэлцэнэ гэж тэрбээр мэдэгдэж байв.
Талууд ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэх төлөвтэй байна. Мөн Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Зөвлөлт Холбоот Улсын баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаад Александр Невскийн одонг гардуулах ёслол болно.
Цар тахлын хязгаарлалтыг үл харгалзан хоёр улс өндөр түвшний харилцаа, хамтын ажиллагааны эрчийг хадгалж байгааг Оросын Гадаад хэргийн яам тэмдэглэв. Оросын "Спутник V" коронавирусний вакциныг Монголд нийлүүлж байна. Тус улс иргэдээ эрчимтэй вакцинжуулж байгаа бөгөөд 3.3 сая хүн амынх нь талаас илүү хувь нь вакцинд хамрагджээ. Эдгээр мэдээлэл нь тус улс удахгүй хорио цээрийн хязгаарлалтыг цуцалж, тээврийн харилцааг сэргээх хэлэлцээрийг эхлүүлнэ гэдэг найдварыг төрүүлж байна.
“Шинжлэх ухаан, технологи, соёл, боловсрол, спортын салбарын солилцоо идэвхтэй явагдаж байна. Жил бүр Боловсрол, шинжлэх ухааны яам болон бусад яам, газруудаар дамжуулан холбооны улсын төсвийн зардлаар ОХУ-ын их, дээд сургуулиудад 550 монгол оюутан, дадлагажигч, аспирант, докторант сургах квот хуваарилдаг. ОХУ-ын дээд боловсролын байгууллагуудын Монгол дахь салбарууд маш их алдартай. Оросын төвүүд тус улсад үйл ажиллагаа явуулж байна. Оросын соёлын өдрүүд, Орос-Монголын найрамдлын өдрүүд тасралтгүй явагдаж байна” гэж Оросын Гадаад хэргийн яам хэлэлцээ эхлэхийн өмнө онцолжээ. Түүнчлэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэсэн байна. ОХУ мөн Орос-Хятад-Монгол гэсэн хамтын ажиллагааны хэлбэрт онцгой анхаарал хандуулдаг. Хамтын ажиллагааг идэвхжүүлэх нэмэлт механизм бол гурван улсын нутаг дэвсгэрт эдийн засгийн коридор байгуулах явдал юм.
Ж.Гүррагчаа мөн зургаадугаар сарын 2-нд эхлэх Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцоно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.