“AstraZeneca” вакцин дотуур цус алдах эрсдэлийг нэмэгдүүлж байна

“AstraZeneca” вакцин дотуур цус алдах эрсдэлийг нэмэгдүүлж байна

Коронавирусний эсрэг “AstraZeneca” вакцин дотуур цус алдах эрсдэлийг нэмэгдүүлэхээс гадна арьсны тууралт, хөхрөлт үүсгэх магадлалтай гэсэн дүгнэлтэд Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд хүрчээ.

Тэд судалгаанд эдгээр вакцин хийлгэсэн Шотландын 2.5 сая иргэнийг хамруулжээ.

Анагаах ухааны “Nature Medicine” сэтгүүлд нийтэлсэн судалгаанаас үзвэл “Pfizer” вакцин ноцтой сөрөг үр нөлөө үзүүлээгүй бол “AstraZeneca” вакцин аутоиммуны асуудал үүсгэх, цус бүлэгнэх, цус алдах эрсдэлийг нэмэгдүүлдгийг харууллаа гэж Эдибургийн их сургуулийн судлаач Азаз Шейх онцолжээ.

Гэхдээ эрсдэлийн төвшин хүн амын ихэнх бүлэгт харьцангуй бага гэж эрдэмтэд үзэж байна.

2021 оны дөрөвдүгээр сард “AstraZeneca” болон “Johnson & Johnson” вакцин цусны бүлэгнэл үүсгэдэг тухай мэдээлэл гарах болсноос хойш Их Британийн судлаачид “AstraZeneca” вакцинтай холбоотой сөрөг нөлөөг идэвхтэй судалж эхэлжээ. Шотландын 2.5 сая иргэн “AstraZeneca”, “Pfizer” вакцинд хамрагдсан нь Шейх тэргүүтэй судлаачдад “AstraZeneca” вакцины сөрөг нөлөөг илүү олон хүнийг хамруулан, гүнзгийрүүлэн судлах боломж олгосон байна. Шинэ судалгаанаас үзвэл, “AstraZeneca” вакцин тариулсан хүмүүст цусны бүлэгнэл үүсэх эрсдэл эрүүл хүнтэй харьцуулахад 22 хувиар нэмэгддэг болох нь харагджээ. Ингэхдээ эрдэмтэд эл вакцинтай холбоотой хоёр ноцтой сөрөг үр дагаврыг шинээр илрүүлсэн байна. Тухайлбал, “AstraZenecа” вакцин иммуни тромбоцитопени буюу ялтас эсийн эсрэг үүссэн эсрэг биетээр үүсгэгддэг олдмол тромбоцитопени гэх өвчин үүсэх магадлалыг 5-6 дахин нэмэгдүүлдэг болохыг Шейх тэргүүтэй эрдэмтэд олж тогтоожээ. Энэ өвчин нь арьсны тууралт, хөхрөлт үүсгэдэг ба зарим тохиолдолд үхэлд хүргэдэг байна. Түүнчлэн, эрүүл хүнтэй харьцуулахад “AstraZeneca” вакцин хийлгэсэн хүмүүст дотуур цус алдах эрсдэл 48 хувиар өсжээ. Ялангуяа ийм шалтгаантай цус алдалт вакцин хийлгэснээс хойших эхний хоёр долоо хоногт ажиглагдсан байна.

Дараа дараагийн судалгаагаар эдгээр нээлт хэр их бодит болохыг шалгах боломжтой болно гэж Шейх тэргүүтэй судлаачид дүгнэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.