ОУХМ Б.Урантунгалаг “Токио-2020” олимпын эрхээ авлаа.

ОУХМ Б.Урантунгалаг “Токио-2020” олимпын эрхээ авлаа.

 Байт харвааны Олон улсын хэмжээний мастер Бишиндээгийн Урантунгалаг "Токио 2020" зуны олимпийн наадмын эрхээ Парис хотноо авч чадлаа.

Б.Урантунгалаг өмнө нь Лондоны олимпод өрсөлдөж, 64 тамирчнаас 18 дугаар байр эзэлж байсан бөгөөд ийнхүү 2 дахь олимпдоо оролцох эрхээ Францаас өвөртөллөө.

Байт харвааны олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн Францын нийслэл Парис хотноо боллоо. Тус тэмцээнд ОУХМ Б.Урантунгалаг 5 дугаар байр эзлэхдээ эхний тойрогт гоц мөргөж, удаах даваанд Швейцарын Д.Илианаг 6:0, 1/16 шатанд Казахстаны Т.Фаридаг мөн 6:0, 1/8 шигшээд Узбекистаны А.Зиодахоныг 6:0-ээр буулган авсан юм. Манай тамирчин дунд шөвөгт Чехийн Х.Марид 4:6-гаар ялагдсан ч онооны чансаагаар 5 дугаар байрт орж, ийнхүү эрхээ халааслав.

Өнөөдрийн байдлаар  Монгол Улсаас 42 тамирчин Токиогийн олимпын наадмыг зорихоор болоод байна. Монголчууд өмнө нь “Москва-1980”, “Рио-2016” олимпод 43 тамирчинтай оролцсон нь дээд амжилт билээ.

Байт харвааны Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид Швейцарийн Лозанн хотноо болох Дэлхийн цомд оролцохоор 5 дугаар сард эх орноосоо мордсон юм. Монголын баг тамирчид 5 дугаар сарын 17-23-нд Лозанн хотноо болох Дэлхийн цомын аварга шалгаруулах 2 дахь цуврал тэмцээн болон 6 дугаар сарын 18-27-нд Франц улсын Парис хотноо зохион байгуулах "Токио-2020" олимпын наадмын сүүлийн эрх олгох тэмцээн, мөн Дэлхийн цомын 3 дахь цуврал тэмцээнд тус тус оролцох хуваарьтай байсан.

Тэд 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 16-нд Казахстан улсын олимпын бэлтгэлийн төвд хамтарсан бэлтгэл хийсэн юм байна.

Багийн бүрэлдэхүүнд ОУХМ Ж Гантөгс, ОУХМ Б.Отгонболд, СМ Д.Дашнамжил, ОУХМ Б.Урантунгалаг нар багтсан бөгөөд ахлах дасгалжуулагчаар Ю.Ганзориг, дасгалжуулагчаар Ч.Мөнхцэцэг нар удирдаж тэмцээнд оролцож байгаа билээ.


Олимпын эрхийн тэмцээнүүд 6 дугаар сарын 29-нд өндөрлөх бөгөөд монголчууд хүндийг өргөлтөөр эрхийн тоогоо нэмэх боломжтой.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.