С.Амарсайхан: Халдвар буурахгүй, иргэдийн оролцоо сайжрахгүй бол хөл хорио тогтоохоос өөр аргагүй байдалд орно.

С.Амарсайхан: Халдвар буурахгүй, иргэдийн оролцоо сайжрахгүй бол хөл хорио тогтоохоос өөр аргагүй байдалд орно.

"Ковид-19 цар тахалтай тэмцэх хууль"-д хяналт тавих Түр хорооны гишүүд УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Коронавирусийн эсрэг вакцины хоёрдугаар тунд хамрагдалт 90%-тай. Вакцины хоёр тунг хийлгээд 14 болон түүнээс дээш хоног болсон 1,696,000 иргэн байна.

Гэтэл ойлголтын зөрүүгээс болж насанд хүрсэн хүн амын 60%-ийн 90% нь хоёр дахь тунг авсан гэдгийг нийт хүн ам буюу 3.3 саяын 90% вакцинд хамрагдчихлаа гэж буруу ойлгон, тайвширчихсан. Үүнээс шалтгаалан халдвар хамгааллын дэглэм алдагдаж байна.

Вакцинд хамрагдаагүй хүн амын 36.5%-ийг бүрдүүлж буй 0-17 насны хүүхдүүд, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй, сайн дураар хийлгэхгүй гэсэн 400,000 орчим иргэн бий. Өөрөөр хэлбэл нийт хүн амын 45-48% орчим нь вакцинд огт хамрагдаагүй. Иймд вакцинд хамрагдаачээ гэж уриалаад байгаа юм.

Эрдэмтэн судлаачид вакцинд хамрагдсан 4 хүн тутмын 3 нь халдвараас хамгаалагдаж буйг баталж байна. Вакцины үйлчлэл чамлахааргүй үр дүнтэй. Цаашид 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулахын тулд 2.5 сая тун Pfizer вакциныг авах гэрээ хийж, эхний татан авалтыг хийсэн. Дархлаажуулалт хийгдэж байгаа. Улсын хэмжээнд 16,000 эмч, эмнэлгийн ажилтан халдварын улаан шугамд ажиллаж байна.

Эмнэлгийн үйлчилгээний тухайд: Эм, тарианы үнийн өсөлтийг хянахын тулд холбогдох байгууллагууд ажиллаж байна. Гэрээр эм тариа хүргэх ажлыг давхар зохион байгуулж байна.

Өнөөдөр эрчимт эмчилгээний 145 орыг Хотын захиргааны шинэ байранд дэлгэлээ. Халдварын тоо нэмэгдэж Шуурхай штабынхан зохицуулалт хийгээд боломжгүй болж байгаа тул Улаанбаатарын баруун, зүүн бүсэд яаралтай тусламжийн төвийг байгуулах ажлыг түргэвчилж байгаа. 16 нэр төрлийн үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудад вакциндаа хамрагдсан иргэдэд үйлчлэх цахим бүртгэлийн систем суулгаж, журмыг баталж өгсөн.

Үргэлжилсэн хөл хорионы дараа хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн болон ААН-үүдийн үйл ажиллагааг шат дараатай нээж, энэ системийг нэвтрүүлнэ гэсэн боловч хэрэглэж буй иргэн, байгууллага маш цөөхөн. Тиймээс шаардлага, хяналтуудаа чангатгана. Засгийн газар хатуу хөл хорио тогтоохгүй гэж шийдсэн ч халдвар тархаад эмнэлэг ачааллаа дийлэхгүй болчихсон.

Хэрэв халдварын тоо буурахгүй, иргэдийн оролцоо сайжрахгүй бол хөл хорио тавихаас өөр аргагүй нөхцөл байдалд орно. Ингэж байж бид халдвар хамгааллын дэглэмийг сахихаас гадна эмнэлгийн ачааллаа бууруулахгүй бол болохгүй. Улсын хэмжээнд 16,000 эмч, энэлгийн эмажилтан халдварын улаан шугамд ажиллаж байна.

Улаанбаатар 1.6 сая орчим иргэнтэй. Эдгээр иргэний 10% нь өвдлөө гэхэд эдгээр эмнэлгийн эмч, ажилтнууд хүрэлцэхгүй. Энэ нөхцөл рүү орохгүйн тулд ор нэмсэн. Мөн эмнэлгийн ажилчдын цалин урамшууллыг нэмэх асуудлыг удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ" хэмээн ярилаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.