Бизнесмэн, зохион бүтээгч, дэлхийн хамгийн баян хүн Элон Маск 50 нас хүрлээ

Бизнесмэн, зохион бүтээгч, дэлхийн хамгийн баян хүн Элон Маск 50 нас хүрлээ

“Tesla”, “Space X” компанийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, бизнесмэн, зохион бүтээгч, инженер, тэрбумтан Элон Маск 1971 оны зургадугаар сарын 28-ны өдөр Өмнөд Африкийн Преториа хотод  төрсөн бөгөөд өнөөдөр 50 нас хүрч байна. Тэрбээр Канадын загвар өмсөгч Мэй Маск болон Өмнөд Африкт төрсөн Британи гаралтай Эррол Маск нарын ууган хүү болон мэндэлжээ. Тэр Кимбал, Тоска гэдэг хоёр дүүтэй.

Элон багаасаа компьютер, програм хангамж судалжээ. Тодруулбал, анх 10 настайдаа компьютер бэлгэнд авч 12 настайдаа харь гаригийнхантай байлддаг “Blastar” нэртэй видео тоглоомын програм бичиж 500 ам.доллараар зарж, бизнесийн гараагаа эхэлжээ. Нэг жилийн дараа 13 настайдаа хувьцааны бизнес сонирхож, мөнгөө өсгөж эхэлсэн юм.

17 настайдаа Канадад Хатан хааны нэрэмжит их сургуульд хоёр жил сурсан ч Пенсильваны их сургууль руу шилжиж, физикийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалав. Дараа нь Вартоны их сургуульд эдийн засгийн бакалаврын зэрэг горилон нэг жил сурсны ард, Стэнфордын их сургуульд хэрэглээний физикээр докторын зэрэг хамгаалахаар элсжээ. Тухайн үед интернет, сэргээгдэх эрчим хүчний салбар ид хурдацтай хөгжиж байсан тул бизнес сэтгэлгээтэй Маск өөрийн компани үүсгэн байгуулах хүсэлдээ хөтлөгдөн хоёр хоногийн дараа сургуулиа орхиж байв.

Элон Маск дүү Кимбалтайгаа хамтран “Zip2” хэмээх програм хангамжийн компани үүсгэн байгуулсан бөгөөд сонин хэвлэлийн салбарт зориулсан интернетэд суурилсан үйлчилгээ, зах зээлд гаргасан юм. Хожим 1999 онд “Compaq” компани “Zip2”-ийг 307 сая ам.доллараар худалдаж авсан нь тухайн үед хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээ болж, Элон 22 сая ам.долларын ашиг олсноор саятнуудын эгнээнд багтжээ.

Zip2-ыг зарсныхаа дараа Элон онлайн санхүүгийн үйлчилгээ болон и-мэйлд суурилсан төлбөр тооцооны компани “X.com”-г үүсгэн байгуулж, нэг жилийн дараа “PayPal” үйлчилгээг гаргажээ. Удалгүй өрсөлдөгч “Confinity” старт-ап компанитай нэгдэж “PayPal” нэрээр үйл ажиллагаа явуулсан бөгөөд уг компаниа 2002 онд “eBay” компанид 1.5 тэрбум доллараар худалдсан бөгөөд үүнээс Элон 250 сая ам.долларын ашиг хүртэв.

Ийн Элон Маск 2002 оны зургаадугаар сард сансрын пуужин, хөлөг үйлдвэрлэдэг анхны хувийн компани болох “SpaceX”-ийг байгуулсан. Тус компани эхлээд “Falcon 1” болон “Falcon 9” нэртэй хоёр пуужин хөөргөсөн. Түүнчлэн анхны сансрын хөлгөө “Dragon” гэж нэрлэв. Улмаар 2008 оны арванхоёрдугаар сарын 23-нд “SpaceX” компани “NASA”–тай Олон улсын сансрын станц руу ачаа хүргэх 1.6 тэрбум ам.долларын үнийн дүнтэй 12 нислэгийн гэрээ байгуулсан.

“Tesla” компанийг анх Мартин Эберхард, Марк Тарпeннинг нар үүсгэн байгуулсан бөгөөд Элон 2004 онд тус компанид их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. 2008 оноос тус компанийн  Гүйцэтгэх захирал болон Бүтээгдэхүүн загварчлалын хэлтсийн даргын албан тушаалыг давхар хашиж, уг компаниа дэлхийн цахилгаан автомашины салбарын чиг хандлагыг тодорхойлогч болгон хөгжүүлж чадсан юм.

“SpaceX”, “Tesla” компани болон технологийн салбарын бизнесүүд нь Элон Маскыг дэлхийн хамгийн баян хүн болгосон бөгөөд 200 тэрбум ам.доллар давсан хөрөнгөтэй анхны чинээлэг эрхэм болсноор “Блүүмберг”-ээс хөтлөн гаргадаг  “Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалт”-ыг энэ жилээс тэргүүлж эхэлсэн билээ. Өдгөө түүний ард 186 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Амазон” онлайн худалдааны сүлжээг үндэслэгч Жефф Безос бичигдэж байна.

Хувийн амьдралын тухайд Элон Маскын анхны эхнэр Жастин Вилсон түүнд таван хүү төрүүлж өгсөн. Харин түүний найз бүсгүй болох Канадын дуучин, ая зохиогч Граймс өнгөрсөн оны тавдугаар сард амаржсан бөгөөд Элон зургаа дахь хүүдээ X Æ A-12 (Төрсний гэрчилгээнд бичигдсэн нэр нь  X AE A-Xii) гэх өвөрмөц нэр өгсөн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.