Худалдан авалт БУУРАХААР БАЙНА

Худалдан авалт БУУРАХААР БАЙНА

“Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгааны 2019 оны сүүлийн улирлын дүнгээс харахад ойрын зургаан сард  өрхийн худалдан авалт буурахаар байсан. Тэгвэл коронавирустэй холбоотойгоор хэрэглэгчид худалдан авалтаа багасгах, бууруулах нөхцөл байдал үүсээд байна.

Ер нь бол аялал жуулчлал болон удаан эдэлгээтэй бүтээгдэхүүнүүд болох үл хөдлөх хөрөнгө, томоохон эд хогшил, автомашин зэрэг нь эрэлтийн мэдрэмж өндөртэй байдаг. Эдийн засгийн хэлбэлзлийн талаарх тогтсон баримтаас үзвэл эдгээр бүтээгдэхүүний хэрэглээний зардал нь эдийн засгийн мөчлөгийн дагуу өөрчлөгддөг.

Өөрчлөлтийн хэмжээ нь ДНБ-ий өөрчлөлтөөс хэд дахин их буюу далайц ихтэй байдаг.  Жишээлбэл, эдийн засгийн уналтын үед хэрэглэгчид юуны өмнө автомашин, цахилгаан бараа зэрэг удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний хэрэглээний зардлыг бууруулдаг. Иймд удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүн худалдан авахаар хэрэглэгчдийн төлөвлөж буй зардал нь эдийн засгийн төлөв байдлын талаар чухал мэдээлэл агуулдаг.


2019 оны дөрөвдүгээр улиралд “Хэрэглэгчийн итгэлийн индекс”  судалгааны хүрээнд иргэдээс  үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар төлөвлөж байгаа эсэхийг асуухад нийт хэрэглэгчдийн 7.3 хувь тийм гэсэн хариулт өгсөн байгаа юм. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 пунктээр бага, 2017 оны мөн үетэй харьцуулахад 2 пунктээр бага юм. Нийт хэрэглэгчдийн 5.3 хувь нь орон сууц, 1.7 хувь нь хашаа байшин авна гэж хариулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.