КОВИД-19 | Путин Москвагийн халдвартын эмнэлэгт очив

КОВИД-19 | Путин Москвагийн халдвартын эмнэлэгт очив

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний халдвартай өвчтөнүүдийг эмчилж байгаа Москвагийн халдвартын эмнэлэгт очжээ.

ОХУ-д өчигдөр /2020.03.24/ 57 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Халдварын шинэ тохиолдлууд 14 мужид бүртгэгджээ.

Путин халдвартын эмнэлгийн ажлыг яг цаг шиг тасралтгүй үргэлжилж байна гэж дүгнэжээ. “Тэд хэрхэн хөдөлмөрлөж байгааг би харлаа. Дайны үед биш ч гэсэн яг л тийм зохион байгуулалттайгаар сайтар зохицуулсан механизмаар ажиллаж байна. Эмч нар юу хийхээ мэдэж байна. Тэдэнд бүх зүйл байна, техник, аппарат, хэрэгслүүдийг бүрэн эзэмшин ажиллаж байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэлжээ.

ОХУ-д коронавирусний нийт 495 тохиолдол бүртгэгдэж, 22 хүн эдгэрсэн байгаа юм. Коронавирусний халдвараар өвчилсөн хүмүүс сүүлийн 14 хоногт вирусний халдварын тархалт өндөр байгаа улс оронд зорчоод ирсэн хүмүүс байжээ.

Путин Москвагийн эмнэлэгт зочлохдоо хамгаалалтын иж бүрэн хувцас өмссөн байсан юм. 

Коронавирус ОХУ-д хоёр замаар тархаж болзошгүй гэж хойд хөршийн мэргэжилтнүүд Путинд хэлжээ. Нэгдүгээрт, Азид дэгдсэн шиг богино хугацаанд тархаад буурах, эсвэл Италийнх шиг хүчтэй тархах гэсэн ийм хоёр зам байгаа гэж тэд үзсэн байна.
 


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.