"Түүврийн аргаар 28 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй"
Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.25/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу болон биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр "2020 оны гуравдугаар сарын 23-нд нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгээс түүврийн аргаар 28 хүнээс шинжилгээ хийхэд шинэ коронавирус илрээгүй. 2020 оны гуравдугаар сарын 23-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн иргэдээс Сэлэнгэ аймагт хоёр, Орхон аймагт нэг иргэн тусгаарлагдсан. Тухайн гурван иргэнээс шинэ коронавирус илрээгүй. Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс давтан шинжилгээ авч байна. Одоогийн байдлаар Стамбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээ хийгдэж байгаа.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 186 хүн тандалт хяналтад байна.
Халдвар илэрсэн өвчтнүүдийн биеийн байдал тогтвортой байгаа. ДЭМБ-аас иргэдэд стандартын дагуу лабораторийн таван төрлийн шинжилгээ хийхийг зөвлөсөн. Тодруулбал, цэр, хамар, залгиураас арчдас авч, цус буюу ийлдэс, өтгөн, шингэний гээд таван төрлийн шинжилгээ хийж байна. Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн шинжилгээг өдөр болгон протокол хөтөлж, эмчилгээний үр дүнг харьцуулан хянаж байна. Энэ нь эмчилгээ зохиж буй эсэхийг харьцуулан үзэх ач холбогдолтой.
Бүрэн эдгэрсэн хүнийг эмнэлгээс гаргахдаа гурван өдөр дараалан шинжилгээ хийж баталгаажуулаад гаргадаг. Хэрэв дутуу эдгээгээд гарвал халдвар тараах эрсдэлтэй. ХӨСҮТ-ийн тусгаарлалтаас гарч байгаа иргэдийн биеийн байдлаас хамаарч гаргаж байгаа. 14 хоног тусгаарлалтад байсан иргэд өөрийгөө 14 хоног хянах үүрэгтэй" гэсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.