Токиогийн Олимп эхлэхэд долоо хоног үлдлээ
Токиогийн Олимпын наадам танхимын цөөн үзэгчтэйгээр эхлэхэд долоо хоногийн хугацаа үлдээд байна. Японы нийслэлд коронавирусний халдварын тархалтыг хяналтад авахын тулд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргаж буй үед энэхүү наадам болох юм.
Өнгөрсөн долоо хоногт Олимпыг зохион байгуулагчид Токио болон тус хоттой хөрш зэргэлдээ оршдог гурван мужид болох тэмцээнүүдийг танхимын үзэгчгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Харин зарим муж дахь спортын байгууламжуудад тодорхой тооны үзэгчдийг нэвтрүүлэхийг зөвшөөрсөн билээ.
Энэ сарын 23-нд болох наадмын нээлтийн ёслолд зөвхөн улс орнууд, спортын байгууллагуудын төлөөлөгчид оролцоно. Ийнхүү оролцох хүмүүсийн тоог 10 мянга орчмоор хязгаарлахаар анх төлөвлөж байсан бол ойрын хугацаанд хэдэн зуугаар бууруулах төлөвтэй байна.
Олимпын хотхоны хувьд хэдийнээ нээгдээд байгаа бөгөөд олон тамирчин бэлтгэлээ бүрэн базаахаар Японд ирээд буй юм. Гэвч зарим тамирчний коронавирусний шинжилгээний хариу эерэг гарснаас үүдэн халдварын улмаас тэмцээний хуваарь өөрчлөгдөж болзошгүй гэдэгт тамирчид санаа зовних болжээ.
Иймээс зохион байгуулагчид Олимпыг аюулгүй зохион байгуулахын төлөө шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх сорилттой тулгарч байна. Токиогийн Олимпын эхний тэмцээн болох софтболын тэмцээн энэ сарын 21-нд буюу наадмын нээлтийн ёслолоос өмнө болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.