Европ тив даяар коронавирусний дельта хувилбар давамгайлсан халдварын тархалт нэмэгдэв
Европ тив даяар коронавирусний дельта хувилбар давамгайлсан халдварын тархалт нэмэгдэж, зарим улс орнууд аялал жуулчлалын хоригоо сэргээхээс аргагүйд хүрчээ.
Зуны улиралд Европын орнууд аялал жуулчлалын салбараасаа ихээхэн ашиг орлого олдог боловч энэ жил дахиад олон жуулчин хүлээж авч чадахгүйд хүрч байгаа юм байна.
Мальт улс гэхэд ирэх лхагва гарагаас эхлэн коронавирусний вакцинд бүрэн хамрагдаагүй бол хилээр нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. Мөн хөл хорио хязгаарлалтаа хамгийн их сулруулж, энэ хавраас хойш жуулчид хүлээн авч байгаа Португаль улс Европын бүсдээ улаан бүс болжээ. Иймээс тус улс жуулчдад дахин хяналтаа чангатгаж, вакцинд бүрэн хамрагдсан болон сөрөг хариутай байхыг шаардаж байгаа журмаа сунгаж байна.
Испани улсын дийлэнх муж улаан бүсэд орсон байна. ДЭМБ-ын мэдээлснээр өнгөрсөн 7 хоногт Европ тивд цар тахлын халдварт шинэ тохиолдол 33 хувиар нэмэгджээ. Гэвч зарим орнуудын хувьд үүнээс ч өндөр хувьтай байж магадгүй байна.
Франц улсад гэхэд дельта хувилбар энэ амралтын өдрүүдэд халдварт шинэ тохиолдлын дийлэнх хувийг эзлэх төлөвтэй байгааг анхааруулжээ. Мөн Герман, Нидерланд, Бельгид бүртгэгдэж байгаа халдварт тохиолдлын 50 гаруй хувийг дельта хувилбар эзлэж буй юм байна.
Наймдугаар сарын сүүлч гэхэд дельта хувилбар Европ тивд бүртгэгдэж байгаа халдварын дийлэнх хувийг эзлэх төлөвтэй байгааг эрүүл мэндийн салбарынхан нь анхааруулж байна.
Зарим мэргэжилтэн Европ тивд цар тахлын дөрөв дэх давлагаа аль хэдийнэ эхэлсэн гэж анхааруулж байгаа юм.
Европт зөвшөөрөгдсөн "Пфайзер", "Модерна", "Жонсон д жонсон", "Астразенека" зэрэг вакцинууд дельта хувилбарын эсрэг маш сайн дархлаа тогтоож байгаа боловч хоёр тун хийлгэсэн нөхцөлд илүү сайн хамгаалж байна. Гэтэл Европын улс орнуудын вакцинжуулалтын хувь өөр, өөр байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.