Италид “Facebook”-ийн видео дуудлагын тоо 1000 хувиар өсжээ
РОМ. /BBC/. Дэлхийн улс орнуудад коронавирусний халдварын улмаас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор “Facebook” нийгмийн сүлжээний хэрэглээ эрс нэмэгдсэн байна.
Тэдгээр орноос хамгийн хатуу хязгаарлалтуудыг тогтоосон Италид “Facebook”-ийн хэрэглээ хамгийн өндөр өсөлт үзүүлж, өнгөрсөн сард “Facebook”-ийн видео дуудлагын тоо 1000 гаруй хувиар өсжээ.
“Facebook” компанийн мэдээлснээр, халдвар хамгийн их тархсан орнуудад зурвасын үйлчилгээний ачаалал дунджаар 50 хувиар өссөн байна. “Facebook” нь “Instagram” болон зурвас илгээх зориулалт бүхий “WhatsApp” хавсралтыг эзэмшдэг юм.
Хэдийгээр нийгмийн сүлжээний хэрэглээ өсөж байгаа боловч цахим сурталчилгаа дэлхий даяар буурах төлөвтэй байна гэж “Facebook” мэдээлсэн бөгөөд өсөлт ажиглагдаж буй үйлчилгээнүүдийн дийлэнх хувиас бид ашиг олдоггүй гэж тус компанийн мэдэгдэлд дурджээ.
Италид сүүлийн мэдээллээр халдварын улмаас нас барсан хүний тоо 6000 давжээ. Тус улсад видео дуудлагын тоо нэмэгдсэний зэрэгцээ “Facebook”-ийн эзэмшдэг хавсралтуудыг хэрэглэх хугацаа 70 хувиар өссөн байна.
"Хүмүүс гэртээ байж, гэрээсээ ажиллаж буйтай холбоотойгоор нийгмийн сүлжээний ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан бид хүчин чадлаа нэмэгдүүлэх алхмуудыг хэрэгжүүлж байна" гэж “Facebook” мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.