АНУ-ын эдийн засгийн хохирлыг багасгахад 6 их наяд ам.доллар зарцуулж магадгүй

АНУ-ын эдийн засгийн хохирлыг багасгахад 6 их наяд ам.доллар зарцуулж магадгүй

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын эрх баригчид коронавирусээр үүсгэгддэг өвчний дэгдэлтийн улмаас эдийн засагт учрах хохирлыг багасгахын тулд нийтдээ 6 их наяд орчим ам.доллар зарцуулж магадгүй байна гэж Цагаан ордны Үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга Лоуренс Кадлоу мэдэгджээ.


Тэрбээр санхүүгийн энэхүү багц нь "АНУ-ын түүхэн дэх хамгийн том багц" болно гэдгийг онцолсон байна. "Энэ нь гэр бүл, жижиг бизнес эрхлэгчид, хувь хүмүүс, ажилгүй хүмүүст бэлэн мөнгө хэлбэрээр олгох хөрвөх чадвартай хэрэгсэл юм" гэж тэрбээр тайлбарлав. "Өнөөдөр бид хүнд хэцүү шалгуурын өмнө ирээд байна, амаргүй үе хэдэн долоо хоног эсвэл хэдэн сар үргэлжилнэ, гэхдээ энэ нь олон жил үргэлжлэхгүй гэдэг нь ойлгомжтой" гэж Кадлоу хэлсэн байна.


Хоёр их наяд орчим ам.долларын хэмжээтэй, нэмэлт арга хэмжээний багцыг ажилгүйдлийн тэтгэмж, эмнэлгүүдэд үзүүлэх тусламж, бизнес эрхлэгчдэд болон бүх салбарт дэмжлэг үзүүлэхэд зарцуулах төлөвтэй байна. Үүнээс гадна, АНУ-ын иргэд 1000 ам.долларын нэг удаагийн төлбөр авч магадгүй. Энэхүү төлөвлөгөөний зарим заалтын талаар Ардчилсан намынхантай санал зөрөлдсөний улмаас АНУ-ын Конгрессын Сенатын танхим холбогдох хуулийн төслийн процедурын санал хураалтыг хоёр ч удаа явуулаагүй байна. Ардчилсан намынхан эдийн засгийг идэвхжүүлэх яаралтай арга хэмжээтэй холбоогүй зардлыг багцад оруулахыг оролдож байна гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт “Fox News” телевизээр мэдэгджээ.


АНУ-ын хууль тогтоогчид өмнө нь цар тахлын тархалтыг зогсоох зорилгоор Вашингтоны засаг захиргаанд 8.3 тэрбум ам.доллар хуваарилсан юм. Тус улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 53 мянга давж, 700 гаруй хүн нас барсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.