Олимпын наадамтай холбоотой халдварын тохиолдлын тоо 106-д хүрсэн.
Токиогийн Олимпын тамирчдын хотхонд байрлаж буй гурван хүнийг оролцуулан 19 хүний коронавирусний шинжилгээний хариу шинээр эерэг гарлаа гэж тус наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр мэдээллээ.
Энэ сар гарсаар наадамтай холбоотой халдварын тохиолдлын тоо өдөрт хамгийн олноор нэмэгдсэн нь энэ бөгөөд гадаадын гурван тамирчин одоо 14 хоног тусгаарлагдахаар болж байна. Үлдсэн хүмүүсийн хувьд, гурав нь гэрээт ажилтан, гурав нь хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан юм.
Зохион байгуулах хорооны мэдээлснээр, шинжилгээний хариу нь эерэг гарсан гурван тамирчны нэг нь тамирчдын хотхонд байрлаж байсан бол бусад нь Чех, Нидерландын тамирчид ажээ.
Ингэснээр долоодугаар сарын 1-нээс хойш бүртгэгдсэн, Олимпын наадамтай холбоотой халдварын тохиолдлын тоо 106-д хүрч байна. Зохион байгуулах хорооноос танилцуулж буй өдөр тутмын энэхүү мэдээлэлд наадмын өмнөх бэлтгэлийн байранд шинжилгээний хариу нь эерэг гарсан тамирчид, төлөөлөгчдийг оруулдаггүй байна.
Олимпын тамирчдын хотхонд халдварын анхны тохиолдол өнгөрсөн бямба гарагт илэрсэн ба тухайн хүн наадамтай холбоотойгоор хилийн чанадаас ирсэн хүмүүсийн жагсаалтад бүртгэгдсэн байжээ.
Халдвар илэрсэн хүмүүстэй ойр байсан тамирчдын хувьд тэмцээнээ эхлэхээс өмнөх зургаан цагийн дотор өгсөн шинжилгээний хариу нь сөрөг гарсан тохиолдолд өрсөлдөх боломжтой ажээ.
Олимпын наадам Токиод дөрөв дэх удаагаа онцгой байдал тогтоогоод буй энэ үед өнөө орой албан ёсоор эхэлнэ. Онцгой байдлын дэглэм наймдугаар сарын 22 хүртэл хэрэгжих тул ирэх сарын 8 хүртэл үргэлжлэх наадмын хугацааг бүхэлд нь хамрах юм.
Олимпын нээлтийн ёслол тэргүүтэй ихэнх үйл ажиллагаа Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс танхимын үзэгчгүйгээр явуулна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.