Г.Ёндон: Шатахуун импортлогчид литр тутамд 600 төгрөгийн алдагдал хүлээсэн
Дэлхийн зах зээлд нэг баррель бензины үнэ долоодугаар сард 73.85 ам.долларт хүрснээр, шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд литр тутамдаа 600 төгрөгийн алдагдал хүлээсэн тул жижиглэнгийн үнийг нэмэхээс аргагүйд хүрчээ.
Төрийн ордонд өнөөдөр УУХҮЯ, АМГТГ, Монголбанк хамтран шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж байна. Уулзалтын эхэнд УУХҮ-ийн сайд Г.Ёндон дээрх мэдээллийг өгсөн юм. Коронавирусний цар тахал эхэлснээр, улс орнууд хөл хорио тавьж, гол шатахуун хэрэглэгч авиа компаниудын үйл ажиллагаа зогссон. Улмаар зах зээлд илүүдэл газрын тосны бүтээгдэхүүн хуримтлагдаж, 2020 оны нэгдүгээр сараас үнэ унаж эхэлжээ. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сард 65.37 ам.доллар байсан газрын тосны үнэ тухайн оны дөрөвдүгээр сар гэхэд 19.49 ам.доллар буюу хамгийн доод түвшиндээ хүрчээ. Үүнээс хойш жил гаруйн хугацаанд газрын тосны үнэ тогтмол өссөнөөр 2021 оны долоодугаар сард 73.85 ам.долларт хүрсэн талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэв.
Манай улсад 2020 оны нэгдүгээр сард АИ-92 автобензины жижиглэнгийн үнэ 1735 төгрөг байсан бол 2020 оны дөрөвдүгээр сард дэлхийн зах зээлийн ханштай уялдуулж 1350 төгрөг болсноор, 2021 оны долоодугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилсэн. Гэвч дэлхийн зах зээлд газрын тосны үнэ энэ хугацаанд 19-74 ам.доллар хүртэл буюу 240 хувиар нэмэгдсэн байна. Хэдийгээр дэлхийн зах зээлд шатахууны үнэ тогтмол өсөж байсан ч шатахууны үнийг тогтвортой барих арга хэмжээг үргэлжлүүлсэн юм.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон хэлэхдээ, "Сүүлийн жилүүдэд төрөөс шатахууны үнийн зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлсэн. Тухайлбал, 2018 онд АИ-80, АИ-92 бензины онцгой албан татварыг тэглэсэн бөгөөд энэ арга хэмжээ өнөөдрийг хүртэл хэвээр үргэлжилж байна. Мөн 2020 оны дөрөвдүгээр сард сингапурын компанитай хэлцэл хийснээр, 2020 оны 12 дугаар сар хүртэл 1450 төгрөгт барьсан. Газрын тосны үнэ 2021 оны нэгдүгээр сард 55.32 ам.доллар байсан бөгөөд үнэ тогтмол өсөж эхэлсэн. Ингэснээр, 2021 оны дөрөвдүгээр сард 65.2 ам.доллар болсноор аж ахуйн нэгжүүд алдагдал хүлээж эхэлсэн. Дэлхийн зах зээлийн үнэ жижиглэнгийн үнийн 70 хувийг бүрдүүлдэг" хэмээн тайлбар өгөв.
Мөн тэрээр, "Коронавирусний анхны тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэнээс хойш хөл хорио эхэлж эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн. Засгийн газраас хэд хэдэн онцгой шийдвэр гаргасан. Тухайлбал, 2020 оны 12 дугаар сараас цахилгаан, дулааны мөнгийг төрийн өмчит Эрдэнэт үйлдвэр хариуцах болсон юм. Мөн сайжруулсан түлшний үнийг Эрдэнэс таван толгой компани 75 хувиар хөнгөлж байгаа. Энэ нөхцөлд шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээрийн ширээнд сууж, АИ-92 автобензины үнийг дархлаажуулалтын ажил 60 хувьд хүрэх хүртэл тогтвортой барихыг хүссэн. Дархлаажуулалт хүн амын 60 хувьд хүрснээр, хөл хорио тавигдаж, эдийн засаг сэргэнэ гэж тооцсон юм. Ингэснээр, цар тахлын хүнд үеийг даван туулахад дорвитой нэмэр болсон гэж үзэж байна. Харамсалтай нь, шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд ашгийн төлөө байгууллага. 2021 оны нэгдүгээр сараас зургаадугаар сар хүртэл алдагдал хүлээж эхэлсэн. Эцэстээ литр тутамдаа 600 төгрөгийн алдагдал хүлээх болсон юм. Энэ хэвээр цааш үргэлжилбэл, шатахууны хомсдол үүсэх эрсдэлтэй байсан тул шатахууны үнийг үе шаттай нэмэх арга хэмжээ авсан" хэмээлээ.
Ийнхүү салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан холбогдох албаныхан, шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хүндрэл, бэрхшээл, цаг үеийн нөхцөл байдлын асуудлаар асуулт асууж хариулт авч байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.