Японы Ерөнхий сайд цөмийн зэвсэггүй болохыг улс орнуудад уриалав
Японы ард түмэн Нагасакид болсон цөмийн гамшигт хохирогчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ энэ сарын 09-ний өдөр боллоо. Нагасаки хотноо цөмийн бөмбөг хаясан цаг мөч буюу 11:02 минутад нэг хором дуугаа хурааж, хохирогчдын дурсгалыг хүндэтгэжээ. АНУ 1945 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Японы Нагасаки хотын дээрээс атомын бөмбөг хаясны улмаас 70 гаруй мянган хүн амь насаа алдсан гэж мэдээ баримтуудад дурдсан байна.
АНУ Японы Хирошима хотын дээрээс анх удаа цөмийн бөмбөг хаяснаасаа гурав хоногийн дараа Нагасаки хотын дээрээс 2 дахь цөмийн бөмбөгөө хаяж, асар их хохирол учруулж байсан. Америкийн цөмийн цохилтын дараа 8 дугаар сарын 15-ны өдөр Япон улс үг дуугүй бууж өгснөөр Дэлхийн хоёрдугаар дайн дуусгавар болж, Японы Ази тивд явуулсан 50 гаруй жилийн түрэмгий бодлого төгсгөл болсон гэж үздэг юм.
76 жилийн өмнөх энэ өдөр АНУ-ын хаясан цөмийн бөмбөгний цацраг туяа, халуун цөм, дэлбэрэлтэд хот тэр аяараа сүйрч, 1945 оны сүүл гэхэд 70 гаруй мянган хүн амь насаа алджээ. Энэ гамшгаас амьд гарсан хүмүүс хожим нь хорт хавдар, цацраг туяанаас үүдэлтэй өвчнөөр шаналж, өнөөдрийг хүртэл хор хөнөөл нь арилаагүй гэж үздэг. Нагасаки хот дахь дурсгал хүндэтгэх самбарт цөмийн гамшигт хохирсон 189 мянга гаруй хүний нэрс бичигджээ. Тэднээс 3202 нь өнгөрсөн онд нас барсан хүмүүсийн нэрс юм байна.
Арга хэмжээний үеэр Нагасаки хотын дарга Томихиса Тауэ, “Цөмийн зэвсэгтэй байх нь улс орноо хамгаалах гэхээсээ илүүтэйгээр дэлхий ертөнцийг илүү их аюултай болгож байдгийг ойлгож, ухамсарлахыг цөмийн зэвсэг эзэмшигч улс орнуудад хандаж уриалмаар байна. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээний тухай дараагийн бага хурлаар Америк, Орос зэрэг орнууд цөмийн зэвсгийн нөөцөө бууруулахад далайцтай алхам эхлүүлж, цөмийн зэвсэг хураах чиглэлээр томоохон ахиц гаргахыг уриалж байна.” хэмээн хэлсэн байна.
Японы засгийн газар Цөмийн зэвсгийн хор уршгийг биеэрээ мэдэрч, зовлон зүдүүрийг туулсан дэлхийн цорын ганц улсын хувьд “цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг бий болгохын” төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтуудыг алхам алхмаар тууштай урагшлуулах алс хэтийн зорилтоосоо ухраагүй байгааг тэмдэглэжээ. Энэ оны нэгдүгээр сард хүчин төгөлдөр болсон НҮБ-ын цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд дэлхийн 50гаруй улс нэгдэж, соёрхон баталсан байдаг. Харин Америк зэрэг цөмийн зэвсэгтэй улсууд болон цөмийн шүхэр дор байдаг Япон зэрэг улсууд уг гэрээнд нэгдээгүй байгаа юм.
Японы засгийн газар цөмийн дэлбэрэлтээс амьд үлдсэн хүмүүсийн 20 гаруй жилийн хичээл зүтгэлийн дараа 1968 оноос эхлэн амьд үлдсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж эхэлсэн юм байна. Энэ оны 3 дугаар сарын байдлаар цөмийн гамшгаас амьд үлдсэн, өдгөө дунджаар 84 настай 127755 хүнийг албан ёсоор хибакуша буюу амьд үлдэгсэд хэмээн бүртгэж, эмнэлгийн тусламж авах эрхтэй болсон гэж тус улсын эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамнаас мэдээлжээ.
Энэ жил "Ковид-19" цар тахалтай холбогдуулан дурсгал хүндэтгэх ёслолд оролцогчдын тоог өмнөх онуудад оролцогчдын аравны нэгтэй дүйцэхүйц буюу 500 болгон бууруулжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.