Ж.Байден: Афганистанаас цэргүүдээ гаргах шийдвэртээ харамсахгүй байна
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цэргүүдээ Афганистанаас гаргах шийдвэр гаргасандаа харамсахгүй байна гэдгээ мэдэгдэв.
“Талибан” хөдөлгөөн Афганистанд байр сууриа бэхжүүлж байгаагийн улмаас амиа алдсан энгийн иргэдийн тоо нэмэгдэж байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж буй энэ үед тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна.
“Бид 20 жилийн турш нэг их наяд ам.долларыг зарцуулсан. Бид Афганистаны 300 мянга гаруй цэргийг бэлтгэж, орчин үеийн төхөөрөмжөөр тоноглосон. Афганистаны удирдагчид нэгдсэн шийдэлд хүрэх хэрэгтэй. Бид олон мянган цэргээ алдсан, шархдуулсан. Тэд өөрсдийнхөө төлөө, улсынхаа төлөө тэмцэх хэрэгтэй” гэж Ж.Байден хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Мөн АНУ агаарын тусламж үзүүлэх, Афганистаны хүчнийг хүнс, тоног төхөөрөмжөөр хангах, цалинг нь төлөх үүрэг амлалтаа үргэлжлүүлэн биелүүлнэ гэдгийг амлажээ. “Гэхдээ тэд тэмцэхийг хүсэх ёстой” гэж Ж.Байден нэмж хэлсэн байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Талибан” хэд хэдэн мужийн нийслэлийг эзэлсний дунд стратегийн болон эдийн засгийн өндөр ач холбогдолтой Кундуз хот байсан юм. Ж.Байден наймдугаар сарын 31 гэхэд цэргүүдээ Афганистанаас гаргахаа мэдэгдэж, Америкийн цэргүүдийн дийлэнхийг гаргасны дараа тулааны талбар улам тэлжээ.
Афганистанаас цэргүүдээ гаргах Ж.Байдены шийдвэрийг шүүмжлэгчдийн хувьд “Талибан” улс орныг бүхэлд нь эзлэх вий гэдэгт санаа зовниж буйгаа илэрхийлж байгаа юм.
Өнгөрсөн сард НҮБ-ын мэдээлснээр, энэ оны тав, зургаадугаар сард л гэхэд 783 иргэн амиа алдаж, 1609 иргэн шархадсан нь ийм үзүүлэлтийг 2009 оноос хойш бүртгэж эхэлснээс хойш хоёр сарын хугацаанд хамгийн олон хүн амиа алдсан тохиолдол болжээ. Мөн даваа гарагт НҮБ-ын Хүүхдийн сан, сүүлийн 72 цагт 27 хүүхэд амиа алдсаныг мэдээлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.