АХБ: Цар тахлын эсрэг тэмцэхэд зориулж 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт БАТАЛЛАА

АХБ: Цар тахлын эсрэг тэмцэхэд зориулж 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт БАТАЛЛАА

Азийн Хөгжлийн Банк шинэ төрлийн титэмт вирусээс үүдэлтэй цар тахлын эсрэг тэмцэхэд зориулж хөгжиж буй гишүүн орнуудын нэн яаралтай хэрэгцээ шаардлагыг харгалзан 6.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцыг эхний ээлжинд батлаад байна.

АХБ-ны ерөнхийлөгч Масагуцу Асакава "Энэхүү цар тахал нь дэлхийн хэмжээний хямрал болоод байна. Үүссэн нөхцөл байдал улс орны, бүс нутгийн, дэлхий нийтийн түвшинд дорвитой арга хэмжээ авахыг биднээс шаардаж байна. Тиймээс АХБ-ны гишүүн хөгжиж буй орнуудад цар тахлын эсрэг тэмцэх, бүс нутгийн хэмжээнд иргэдийг, ялангуяа ядуу, бага орлоготой эмзэг бүлэгт хамаарах хүн амыг эрсдэлээс хамгаалах, эдийн засаг аль болох түргэн хугацаанд эргэж сэргэх боломжийг дэмжихэд чиглэсэн зоримог бодлогын арга хэмжээг тодорхойлон ажиллаж байна. Бид гишүүн орнууд, хөгжлийг дэмжигч бусад байгууллагуудтай нухацтай зөвшилцсөний үндсэн дээр гишүүн орнуудынхаа бодит шаардлагыг харгалзан, нэн яаралтай хэрэгцээнд зориулж 6.5 тэрбум ам.долларын багцыг эхний ээлжинд хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ” хэмээн онцлон тэмдэглэв.

Цаашид нөхцөл байдал хэрхэн өрнөхөөс хамаарч АХБ шаардлагатай тохиолдолд гишүүн орнууддаа нэмэлт санхүүжилт олгох, бодлогын зөвлөмж дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгийг Асакава ерөнхийлөгч мэдэгдлээ.

Энэхүү эхний үе шатанд хэрэгжих санхүүжилтийн хүрээнд цар тахлын улмаас эрүүл мэндийн салбар, эдийн засагт үүсч буй хохирол, сөрөг үр дагаврыг бууруулахад чиглэсэн Засгийн газрын төрөл бүрийн хариу арга хэмжээг дэмжихэд зориулсан 3.6 тэрбум ам.долларын багц болон цар тахлын сөрөг нөлөөлөлд шууд өртсөн аж ахуйн нэгж байгууллагууд, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид, дотоодын болон бүс нутгийн худалдааг дэмжихэд зориулан хувийн хэвшилд олгох 1.6 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцыг тус тус хэрэгжүүлэх болно. Түүнчлэн, болзошгүй эрсдэлийн улмаас үүсэх санхүүжилтийн хэрэгцээ шаардлагыг үнэлж тодорхойлсны үндсэн дээр одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг дахин хуваарилах замаар 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг дайчлах, мөн техник туслалцаа, шуурхай олгох буцалтгүй тусламжид 40 сая ам.долларын санхүүжилтийг зарцуулахаар тогтов.

Санхүүгийн дэмжлэг үзүүлэх энэхүү багцыг хөгжиж буй гишүүн орнууддаа аль болох түргэн шуурхай, уян хатан олгох үүднээс АХБ өөрийн санхүүгийн хэрэгслүүд, үйл ажиллагааны горимд зарим өөрчлөлт, тохиргоог хийсээр байна. АХБ-ны Захирлуудын зөвлөлөөс дэмжиж баталсан нөхцөлд төсвийн ноцтой хүндрэлтэй тулгарч, онцгой нөхцөл байдал үүссэн улс орнуудад төсвийн дэмжлэгийг илүү түргэн хугацаанд олгох, бодлогын зээлийг хялбаршуулсан горимоор шийдвэрлэх, нэгдсэн худалдан авалтыг илүү уян хатан, шуурхай үйл явцаар зохион байгуулж хэрэгжүүлэх зэрэг боломжийг нэгэн зэрэг бүрдүүлнэ.

Цар тахлын эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлэхдээ улс орнууд, хөгжлийн түнш байгууллагууд  өөр хоорондоо нягт уялдаатай хамтран ажиллах нь туйлын чухал байна.  Бид COVID-19 цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг илүү үр дүнтэй байлгах зорилгоор Олон улсын валютын сан, Дэлхийн банк, бүс нутгийн хөгжлийн банкууд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Японы олон улсын хамтын ажиллагааны агенлаг зэрэг хоёр талт хамтын ажиллагааны гол түншүүд, АНУ-ын Халдварт өвчин судлалын төв, мөн хувийн хэвшлийн байгууллагуудтай нягт хамтарч, үйл ажиллагаагаа улам бэхжүүлэх болно.

АХБ COVID-19-ийн эсрэг эхний арга хэмжээг 2020 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр хэрэгжүүлснээс хойш хөгжиж буй гишүүн орнуудын Засгийн газар, хувийн хэвшилд бий болсон нэн яаралтай хэрэгцээ шаардлагад зориулж 225 сая ам.долларын санхүүжилт олгоод байна. Эдгээрээс онцолбол:

2020 оны 2 дугаар сарын 7:  БНХАУ болон Их Меконгийн бүс нутагт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандан судлах, илрүүлэх, хариу арга хэмжээ авах чадавхийг сайжруулахад зориулж 2 сая ам.долларын буцалтгүй тусламж олгов.

2020 оны 1 дүгээр сарын 27 – 2 дугаар сарын 17: БНХАУ-ын Их Меконгийн бүс нутагт хэрэгжиж буй Эрүүл мэндийн төслөөс хэмнэгдсэн 1.5 сая ам.долларын эх үүсвэрийг цар тахлын вирусыг оношлох тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл худалдан авахад зориулж дахин хуваарилсан.

2020 оны 2 дугаар сарын 25: Нэн чухал эм, хувийн хамгаалах хэрэгслийн тасралтгүй хангамжийг дэмжих зорилгоор БНХАУ-ын Ухань мужийн эм ханган нийлүүлэх, түгээх аж ахуйн нэгжүүдэд 130 сая юань (18.6 сая ам.доллар)-ийн хувийн хэвшлийн зээл олгосон.

2020 оны 2 дугаар сарын 26:  Хөгжиж буй гишүүн орнуудад COVID-19 цар тахлын халдварыг хязгаарлах, хүндрэлийг даван туулах зорилгоор олгох буцалтгүй тусламжийн хоёр дахь цонхыг нээж, эхлэлийн 2 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн.

2020 оны 3 дугаар сарын 12: АХБ-ны Нийлүүлэлтийн сүлжээг санхүүжүүлэх хөтөлбөрийн хүрээнд COVID-19 вирусний  эсрэг тэмцэхэд шаардагдах эм бэлдмэл, иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахтай холбоотой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болон түгээдэг  компаниудын тасралтгүй үйл ажиллагааг дэмжихэд зориулж 200 сая ам.долларын санхүүжилт батлав. АХБ эдгээр компаниудад шаардлагатай эргэлтийн хөрөнгийн зээлийг тэдгээрийн харилцагч банк, санхүүгийн байгууллагаар нь дамжуулж олгоно.

2020 оны 3 дугаар сарын 13: Филиппин улсын Засгийн газраас COVID-19 вирусний эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж 3 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэв. Үүгээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг үр дүнтэй хүргэхэд зориулсан худалдан авалтыг санхүүжүүлсэн.

2020 оны 3 дугаар сарын 13: Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төслийн санхүүжилтээс  600 мянган ам.долларын буцалтгүй тусламжийг вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх зорилгоор Шри Ланка улсад олгосноор өвчний тандалт судалгаа, эмнэлгийн хангамж хэрэгслийн худалдан авалтыг тус тус дэмжсэн.

2020 оны 3 дугаар сарын 13: Тажикистан улсад хэрэгжүүлж буй Эх хүүхдийн эрүүл мэндийн цогц үйлчилгээ төслийн хүрээнд COVID-19 вирусээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, шаардлагатай эм, багаж хэрэгслийг худалдан авахад зориулж 100 мянган ам.долларыг дахин хуваарилсан.

2020 оны 3 дугаар сарын 18: Монгол Улсад хэрэгжүүлж байгаа Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх 5 дахь шатны төслийн хүрээнд 1.4 сая ам.долларын санхүүжилтийг дахин хуваарилж, түүгээр цар тахлын вирусыг эрт илрүүлэх, яаралтай тусламж үзүүлэх, амьсгалын замын хүнд өвчлөлийг зохистой удирдахад зайлшгүй шаардлагатай багаж хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдан авалтыг санхүүжүүлсэн. Үүний зэрэгцээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүний нөлөөллийг хязгаарлах, өвчний хяналтыг зохистой хэрэгжүүлэх үндэсний чадавхийг дэмжих зорилгоор 225 мянган ам.долларын техник туслалцааны төслийг баталлаа.

Дээр дурдсан арга хэмжээнд ашигласан санхүүгийн хэрэгслүүд нь АХБ-ны гишүүн хөгжиж буй аль ч улс оронд хэрэгжих бүрэн боломжтой юм.

АХБ-наас “Шинэ төрлийн коронавирусний Азийн хөгжиж буй орнуудын эдийн засагт үзүүлж болзошгүй нөлөөллийн судалгаа”-г тогтмол гүйцэтгэж байгаа бөгөөд судалгааны эхний шатны үр дүн, холбогдох статистик мэдээллийг 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн. Энэхүү судалгаанд дотоод эрэлт огцом агших, аялал жуулчлалын орлого буурах, бизнесийн зорчих хөдөлгөөн эрс хумигдах, үйлдвэрлэл болон гадаад худалдааны харилцан хамаарлаас шалтгаалж эдийн засагт хүндрэлүүд үүсэх, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлт тасалдах, хүн амын дунд эрүүл мэндийн эрсдэл үүсэх зэрэг олон сувгаар дамжин хөгжиж буй Азийн бүс нутаг болон тухайн улс орнууд, эдийн засгийн тодорхой салбаруудад ямар сөрөг нөлөөлөл үүсч болзошгүйг тооцоолж дүгнэсэн юм.

АХБ 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр “Азийн хөгжлийн төлөв хандлага 2020” тайланг нийтийн хүртээл болгох бөгөөд түүгээр цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн үнэлгээ, улс орнуудын эдийн засгийн шинэчилсэн төсөөллийг танилцуулах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.