Гэр бүлийн хүмүүжил л хамгийн чухал

Гэр бүлийн хүмүүжил л хамгийн чухал

Дэлхий нийтэд тархаж буй коронавирустай холбоотойгоор хөл хорио тогтоосон хэдий ч Засгийн газрын шийдвэрээр гадаадад аялж, амьдарч буй иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчирч байгаа нь зарим нэгэнд таалагдахгүй байгаа бололтой. Тэр тусмаа улс төрийн нэгэн талыг эзэлж байгаа томоохон хүчин Ардчилсан намын дарга гадаадаас ирж буй иргэдээ ад шоо үзэн мэдээлэл хийв. Нам нь төрийн эрх барьж ч байсан, өөрөө Засгийн газарт сайд байсан хүн ингэж хэлэхээр энэ ард түмэн хэнд итгэж, хэрхэн Монгол Улсад амьдрах вэ гэдэг асуудал зүй ёсоор сөхөгдөж таарна. Бүр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан хүн ингэж хэллээ. Тэр тусмаа ардчилсан нийгэмд амьдарч байгаа ард түмэндээ хандсан хэрэг шүү дээ.

Ардчилсан намыг хэд хувааж, гишүүдийнхээ тоог өдрөөс өдөрт цөөлж байгаа намын даргад “Боож үхэхэд бор шидмэс дутаж” байгааг ойлгож байна. Гэхдээ л ард түмнийхээ эсрэг мэдэгдэл хийн, улстөржин арга ядах хэрэг алга. Ийм даргатай нам яаж ч урагшаа алхах билээ. Улс орон бүү хэл нэг нам аваад явчих чадваргүй гэдгээ өнгөрсөн хугацаанд хангалттай харууллаа. Монголчууд бид эртнээсээ “Ураг ядрахаар төрлөө, тураг ядрахаар уулаа” гэсэн үгийг хэлэлцэж, эр дагаад явсан эм, алба дагаад явсан эр амьдралын шаардлагаар нутаг усаа тэмцэн ирэхэд түмний сэтгэлээр угтан авдаг ёс өдгөө ч бий. Ямар та нар шиг нам дамжиж, бүлэг фракц нэгжин хэсээд арга ядахдаа ирж байгаа биш.

Та бүхэн ээлжлэхдээ ээлжилж, хамтрахдаа хамтран төрийн эрх барьж ирсэн гучаад жилийн үйл ажиллагааны лайгаар Монгол Улсын олон мянган иргэд амьжиргааны мөр хөөж гаднын улс орнуудад амьдрахаар явсан. Та нар төр улсаа төвшин сайхан барьж байсан бол иргэд гаднын улс оронд ийм олноор ажиллаж амьдралаа гэж үү. Иргэдээ ад шоо үзэж байгаа таныг Нийгмийн даатгалын сан руу гар дүрж байхад ард түмэн амьдрал ахуйгаа өөд нь татах гэж арга буюу гаднын улс орныг зорьж байлаа. Таны балгаар явсан түмэн чинь үр хүүхэд, аав ээж, ахан дүүстэйгээ уулзахаар эцсийн мөчид эх нутгаа тэмцэн ирж байгаа хэрэг юм. Болзошгүй өвчин дэлхийн 100 гаруй оронд дэгдээд байгаа энэ мөчид хэн ч гэсэн ураг төрөл, эх орноо тэмцэхээс өөр яах юм. Түүнийг хэн зохицуулах юм гэхээр Монгол Улсын төр зохицуулах ёстой. Иргэдээ нааш ир гэхгүй ямар улс байх юм. Эх орноо тэмцэж байгаа иргэдээ төр улс нь авахаас өөр яах билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.