“Талибан” Кабулыг тусгаарлахыг зорьж буйг анхааруулжээ.
. АНУ Афганистан дахь олон мянган цэргээ гаргаж эхлээд байгаатай холбоотойгоор “Талибан” хөдөлгөөн тус улсын нийслэл Кабул хотыг эзлэхийн тулд орон даяар түрэмгийлсэн довтолгоогоо үргэлжлүүлж байна.
Тодруулбал, “Талибан” баасан гарагт таван томоохон мужийн нийслэлийг эзэлсний дунд улсын хоёр, гурав дахь том хотууд болох өмнөд нутгийн Кандахар, баруун нутгийн Херат багтаж байгаа юм.
Үүнээс нэг өдрийн өмнө талибууд Кандахар, Кабулын хооронд оршдог гол хот болох Газниг эзэлсэн юм. Энэхүү хот нь нийслэлээс ердөө 150 орчим километр зайд оршдог нь Вашингтоныг асар хурдтайгаар доройтож буй аюулгүй байдлын нөхцөл байдалд санаа зовниход хүргээд байна.
“Тэд Кабулыг тусгаарлахыг зорьж байгааг та бүхэн харж байна” гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби баасан гарагт сэтгүүлчдэд мэдээлээд, тус хотын байдал одоо маш хүнд байна хэмээн анхааруулжээ. Мөн “Талибан” байр сууриа ийнхүү хурдан бэхжүүлж буй ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.
“Талибууд Кабулыг тусгаарлаж яах гэж буйг тэд өөрсдөө л мэдэж байгаа байх. Ийнхүү тусгаарлаж буй нь улсын бусад нутаг дэвсгэрт явуулж буй ажиллагаанаас нь тэс өөр байна. Мужийн нийслэлүүдийг тусгаарлах нь цус их урсгахгүйгээр бууж өгөх шаардлага тавих бололцоог зарим тохиолдолд бүрдүүлдэг” гэж тэрбээр нэмж хэлжээ.
Баасан гарагт “Талибан”-ы хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахидийн мэдээлснээр, талибууд өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Афганистаны 34 мужийн 16-д нь хяналтаа тогтоосон байна. Мөн цаашид бүх мужийг хяналтдаа оруулахын тулд довтолгоогоо үргэлжлүүлнэ гэдгийг тэрбээр мэдэгдээд, үлдсэн нутаг дэвсгэр дэх аюулаас хамгаалах хүчнийхэнд амь насаа эрсдэлд оруулахгүйгээр эсэргүүцлээ зогсоохыг уриалжээ.
Афганистаны мужууд, нийслэл хотуудын хяналтыг өнгөөр ялган үзүүлсэн байдал
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.