“COVID-19” халдвар дөрвөн улсад нэмж бүртгэгджээ

“COVID-19” халдвар дөрвөн улсад нэмж бүртгэгджээ

Өнөөдрийн байдлаар шинэ коронавируст халдвар дөрвөн улсад нэмж гарснаар дэлхийн 200 оронд бүртгэгдлээ. Ингэснээр “COVID-19” халдвар сүүлийн 3 сарын хугацаанд дэлхийн ихэнх улсад тархаж, 18 мянга гаруй хүн нас баржээ.


“COVID-19” халдвар авсан хүний тоо 416 686 хүрч, 18 589 хүн нас барсан байна. Сүүлийн 3 хоногт 121 мянган хүн шинээр халдварлажээ. Европын бүсэд 3, АНУ-д 12 дахин нэмэгдэж халдварын голомт болоод байна. Итали, Испани улс нас баралтын тоогоороо БНХАУ-ын дараа орж байгаа аж.


ОХУ коронавируст халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор энэ сарын 30-наас эхлэн нэг долоо хоног бүх нийтээр амрах шийдвэр гаргажээ. Энэ хугацаанд зөвхөн эмийн сан, банк, супермаркет зэрэг зайлшгүй шаардлагатай газруудаа ажиллуулж, бусад үйлчилгээний газруудыг хаажээ. Харин Украин улс нэг сарын хугацаатай онцгой байдал зарлаж энэ сарын 27-ноос агаарын болон төмөр замын хилээ хааж байгаа аж. Өчигдөр БНСУ-д 104 тохиолдол бүртгэгдэж 5 хүн нас барсан байна. Тус улсад бүртгэгдэж байгаа халдварын ихэнх нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 165 улс боловсролын байгууллагын үйл ажиллагаагаа бүрэн зогсоож 10 улс хэсэгчилсэн байдлаар арга хэмжээ авчээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Гвиней, Мали зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ бага хөгжсөн Африкийн улсуудад “COVID-19” халдвар бүртгэгдсэн. ДЭМБ эрт оношилж, урьдчилан сэргийлэх ажилд онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй гэдгийг онцгой анхааруулж байна. Тиймээс зарим орнууд тус тивийн улсуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна” гэдгийг тодотгов. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.