450 компани 8000 орчим ажлын байраа ЦОМХОТГОХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙНА
Коронавирусээс сэргийлэх арга хэмжээний ажлын байранд үзүүлж буй нөлөөллийг тодруулах судалгааг МҮХАҮТ-аас энэ сарын 20-23-ны өдрүүдэд 1504 аж ахуйн нэгжийг хамруулан хийгээд байна.
Судалгааны дүнгээс харахад төрийн зүгээс ажлын байрыг хадгалж үлдэхийн тулд ажилчдын тооны бүлэг, бизнесийн салбар харгалзахгүйгээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна гэж аж ахуйн нэгжүүд үзэж буй аж. Хөнгөлөлттэй зээл, Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийн хугацааг хойшлуулах нь ажлын байрыг хадгалахад дэмжлэг болно гэж ажил олгогчид үзэж байна.
СУДАЛГААНД ОРОЛЦСОН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН МЭДЭЭЛЭЛ
Судалгаанд оролцсон нийт аж ахуйн нэгжүүдийн 67.4 хувьд нь коронавирусний халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ МАШ ИХ, 22.8 хувьд нь ДУНД ЗЭРЭГ нөлөөлжээ.
Салбараар авч үзвэл, аялал жуулчлалын салбарын 90 хувь зочид буудал, нийтийн хоолны салбарын 83 хувьд маш их нөлөөлсөн бол энэ үзүүлэлт хөдөө аж ахуйн салбарт 40 хувь, мэдээллийн технологийн салбарт 33 хувь байна.
Үүссэн нөхцөлд байдалд аж ахуйн нэгжүүдийн 56 хувь нь ажлын цагийн зохицуулалт хийсэн, 33 хувь нь ажилчдаа түр болон бүр чөлөөлсөн байна. Ажилчдыг чөлөөлсөн байдлыг салбараар үзвэл зочид буудал, нийтийн хоолны 52 хувь, аялал жуулчлалын салбарын 44 хувь байна.
Харин мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын 12 хувь нь ажилчдаа чөлөөлсөн бол эрчим хүчний салбарын хувьд ажлын байрны тоо өөрчлөгдөөгүй байгаа юм.
Судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдийн 65 хувь нь өндөржүүлсэн бэлэн байдлын шийдвэрээс шалтгаалж, 41 хувь нь үйлдвэрлэл үйлчилгээ буурсантай холбоотойгоор ажлын цаг, ажиллах хэлбэрт тодорхой өөрчлөлт оруулжээ.
Эдгээрийн 46 хувь нь богиносгосон цагт шилжүүлсэн, 35 хувь нь зайнаас ажиллуулсан, 16 хувь нь ямар нэг өөрчлөлт оруулаагүй байна. Цалин хөлсийн хувьд 63 хувь нь өөрчлөлт оруулаагүй, 36 хувь нь бууруулсан гэжээ.
Ажлын байрыг хадгалахад тулгарч байгаа асуудалд:
- 65 хувь нь орлого буурсан
- 42 хувь нь үйл ажиллагаа зогссон,
- 30 хувь зардлаа бууруулах шаардлагатай болсон гэж хариулжээ.
Худалдаа, хөнгөн ба хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудад орлого буурсан нь ажлын байрыг хадгалахад хүндрэл үүсгээд байгаа бол боловсрол, аялал жуулчлал, зочид буудал нийтийн хоолны салбаруудад үйл ажиллагаа зогссон доголдсоноос илүү хүндрэл болж байна. Одоогийн байдлаар судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдийн 33 хувь нь ойролцоогоор 6000 ажлын байрыг түр болон бүр хугацаагаар цөөлсөн дүнтэй байна.
2020 оны хоёрдугаар улиралд үүссэн нөхцөл байдал үргэлжилсэн тохиолдолд судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдийн 30 хувь нь нийт 8000 орчим тооны ажлын байрыг цомхотгох төлөвлөгөөтэй гэсэн бол зөвхөн 12 хувь ажлын байраа хэвээр хадгална гэжээ.
Харин аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь одоо хэлэхэд эрт байна, мэдэхгүй гэж хариулжээ.
Салбараар авч үзвэл, хөнгөн үйлдвэрлэл, зочид буудал нийтийн хоол, үйлчилгээ, аялал жуулчлал салбарт ажлын байрны цомхотгол илүү явуулахаар байна.
Судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдийн 63 хувь нь ажлын байр хадгалахад зориулсан санхүүгийн дэмжлэг, 49 хувь нь НДШ-ийн төлбөрийн төлөх хугацааг хойшлуулах, 44 хувь нь хөнгөлөлттэй зээл олгох зэрэг нь ажлын байрыг хадгалахад төрөөс нэн тэргүүнд үзүүлэх шаардлагатай дэмжлэг гэж үзжээ.
Дээрх шаардлагатай дэмжлэгүүдийг салбараар харвал судалгаанд уул уурхайн салбарын 44 хувь, банк санхүүгийн 42 хувь, үйлчилгээний 42 хувь, тээврийн 41 хувь нь ажлын байр хадгалан үлдэхэд зориулсан санхүүгийн дэмжлэг шаардлагатай гэж үзсэн бол, хөдөө аж ахуйн салбарын 38 хувь, хүнсний үйлдвэрлэлийн салбарын 30 хувь нь хөнгөлөлттэй зээл хэрэгцээтэй байна гэжээ.
Мөн хөнгөн үйлдвэрлэлийн салбарын 32 хувь, үйлчилгээ, тээвэр, мэдээллийн технологи, харилцаа холбоо, аялал жуулчлалын 33 хувь, барилгын 38 хувь, боловсролын 36 хувь нь НДШ-ийн төлбөрийг төлөх хугацааг хойшлуулах нь бодитой дэмжлэг болно гэж үзжээ.
Ажиллагсдын тооны бүлгийн ялгаагүйгээр хамгийн чухал дэмжлэг нь төрөөс ажлын байрыг хадгалахад зориулсан санхүүгийн дэмжлэг гэж үзсэн байна. Мөн бусад дэмжлэгийн хувьд 10 хүртэлх ажилтантай ААН-үүдийн хувьд хөнгөлөлттэй зээл чухал бол 50-200 ажилтантай аж ахуйн нэгжүүдийн хувьд НДШ-ийн төлбөрийг хойшлуулах нь илүү чухал байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.